Х.Мөнх-Эрдэнэ: Автомашины дөрвөн улирлын дугуй нь өвлийн улиралд Монголын нөхцөлд тохиромжгүй

2023-11-06 167 0

Улсын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 951 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэхүү ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 11 хүн гэмтэж бэртжээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Өнгөрсөн амралтын өдөр автомашин дотор зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож явсан бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай осол гарсан.

Зам тээврийн ослын улмаас

  • Нийслэлд гурван хүн
  • Орон нутагт найман хүн гэмтэж, бэртсэн байна.

Иймд иргэд, жолооч нар зам тээврийн болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь чухал” гэлээ.

Зам тээврийн ослоос сэргийлэх зөвлөгөөг тэрбээр нэмж хэллээ.

Үүнд:

  • Халтиргаа гулгаа ихтэй байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн дугуйг өвлийн тэмдэглэгээтэй дугуйгаар сольж, хөдөлгөөнд оролцох,
  • Дөрвөн улирлын дугуй нь өвлийн улиралд -10 градусаас дээш хүйтэрдэггүй цаг агаартай улс орнуудад зориулагдсан. Манай улс өвөлдөө -10 градус давж хүйтэрдэг учраас дөрвөн улирлын дугуй тавьж, хөдөлгөөнд оролцох нь эрсдэлтэй. Иймд өвлийн тэмдэглэгээтэй, цас, мөс болон уулын тэмдэглэгээ бүхий өвлийн дугуйг тээврийн хэрэгсэлдээ сольж хөдөлгөөнд оролцох нь аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам,
  • Замын халтиргаа гулгаанд тохируулан холбогдох дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох,
  • Хөдөө, орон нутгийн замд хурдны хязгаарыг 80 километр цагаар сонгосон байдаг боловч халтиргаа гулгаа их байгаатай холбогдуулан заавал 80 километр цаг биш тухайн замынхаа нөхцөл байдалд тохируулан зам дээр үүссэн аюул саадыг мөргөхгүй, шүргэхгүй байх хэмжээний хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, 
  • Үзэгдэх орчин хязгаарлагдсан болон шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах,
  • Орон нутгийн эсрэг урсгалтай хоёр эгнээ замд явж байгаа тохиолдолд урд яваа тээврийн хэрэгслийнхээ хоорондын зайг зөв тохируулж явах, давааны өөд өгсөх болон даваа уруудаж байгаа үед урд яваа тээврийн хэрэгслээс 70-100 метрийн зайд аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох,
  • Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
  • Онц шаардлагагүй бол халтиргаа гулгаатай энэ үед хөдөө, орон нутгийн замыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ