Нэхэмжлэгч “Н” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2022 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн … дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
Анх нэхэмжлэгч “Н” ХХК-д аймгийн Засаг даргын захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байжээ. Улмаар маргаан бүхий захирамжаар урьд олгосон тусгай зөвшөөрлөө цуцалж хүчинүй болгосон.
Хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл авахад зайлшгүй сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хууль ёсны саналыг авсан байх ёстой.
Засаг дарга тус компанид анх тусгай зөвшөөрөл олгохдоо ч сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэсэн.
Хэдий тийм боловч тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь дээрх тогтоолуудаа хууль бус гэж үзэн хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан санал авах шаардлага ийнхүү хангагдахгүй болсон тул Засаг дарга урьд гаргасан захирамжаа хүчингүй болгожээ. Шүүхээс Засаг дарга өмнө гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд хэрэгжих учиртай тул маргаан бүхий энэ хэргийн тухайд хуульд нийцсэн гэж үзжээ.
Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Засаг даргын захирамж нь анх гарахдаа төдийгүй эрх зүйн үйлчлэл үзүүлэхдээ ч хуульд заасан нөхцөл шалгуур хангагдаж байж хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжих учиртай. Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан, эл шаардлага нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байдал нь мөн хангагдаж байж хууль зүйн үйлчлэл үзүүлэх ёстой гэж дүгнэжээ.
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга
0 cэтгэгдэлтэй