Өмнөд Солонгосын хил дээрээс тодорхойгүй шалтгаанаар буцаагдаж буй иргэдийнхээ асуудалд анхаарал хандуулахаа Тайландын ерөнхий сайд Сретта Тависин энэ долоо хоногт болсон засгийн газрын хуралдааны үеэр амлажээ.
Тэрбээр ийм асуудал үүссэнийг анх удаа сонсож байгаагаа илэрхийлээд уг асуудлыг шийдэхийн тулд гадаад хэргийн дэд сайд Чаккрапхонг Сэнманетай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Сүүлийн үед Тайландын иргэд Өмнөд Солонгосын хил дээрээс буцаагдах явдал түгээмэл болжээ. Буцах тасалбартай, байрлах зочид буудлаа захиалсан, аяллын хөтөлбөртэй байсан ч хилээр нэвтэрч чадалгүй буцаж ирсэн хүмүүс улам нэмэгдэж байгаа гэнэ.
Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллагын гаргасан баримтаас үзвэл энэ оны эхний найман сарын хугацаанд Тайландын 250,000 жуулчин Өмнөд Солонгост ирсэн нь цар тахлын өмнөх үеийн түвшний 70 орчим хувьд хүрсэн үзүүлэлт болжээ.
Гэвч хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо бас өндөр байгаа юм байна. Тайландын сошиал ертөнцийн алдартнууд хүртэл ийнхүү буцсанаа мэдээлцгээсэн юм.
Тухайлбал Тайландын сошиал алдартнуудын нэг Варапхон Пиятхансомсин есдүгээр сард Өмнөд Солонгосын хил дээр саатуулагдаж, нэг шөнийг хүйтэн шалан дээр унтаж өнгөрүүлсний дараа буцсанаа мэдээлжээ.
Гэтэл хамт явсан түүний сүйт залууд хилээр нэвтрэх зөвшөөрөл өгсөн байна.
Бас нэг эмэгтэй дөрвөн удаа Өмнөд Солонгост очоод буцсан тухайгаа сошиал хуудсандаа бичсэн нь Тайландын иргэдийг нэлээд бухимдуулжээ. Түүний аравдугаар сарын 24-нд нийтэлсэн энэ тухай пост бараг 10 сая хүнд хүрсэн байна.
Тайчуудын зарим нь үүнийг Өмнөд Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг нутаг нэгтнүүдээс нь болсон байх хэмээн үзэж байгаа гэнэ.
Одоогоор Тайландын 100,000 орчим иргэн Өмнөд Солонгост хууль бусаар оршин суудаг гэсэн тоо байна.
Эх сурвалж: Bangkok Post
0 cэтгэгдэлтэй