УИХ-ын чуулганы үеэр “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан УИХ-ын хяналтын сонсгол”-ын тайлан, сонсгол явуулсан талаарх санал дүгнэлтийг танилцуулав.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Сонсгол хийгээд асуудал хэвээрээ байвал ямар ч үр дүнгүй байна гэсэн үг.
Жишээлбэл 2024 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын төсвийг хоёр дахин нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөг болгох гэж байна. Төсвийг юунд зарцуулах уу, юу хийх вэ гээд олон асуудлыг бодитоор хийх шаардлагатай. Сонсгол хийгээд орхичих юм бол энэ асуудал байдгаараа байна.
E-kids аппликэйшн гэх ийм сайн технологийн шийдлийг Засгийн газар хийчхээд байхад энэ ажлыг эцэг эхчүүд төдийлөн сайн мэдээгүй байна. Тийм учраас эцэг эхчүүдэд энэ аппликэйшнийг татаж аваад, хүүхдүүддээ анхаарал тавьж, уриалах хэрэгтэй байна.
Орон нутгийн хамтарсан багуудад хуваарилагдах мөнгийг бодитойгоор нэмэхгүй бол хүүхэд хамгааллын ажил хэвээрээ үргэлжилнэ. Салбарын удирдлагууд нь яг хэдэн төгрөг хуваарилахаа тодорхой болгох хэрэгтэй.
Дараагийн нэг асуудал Эрүүл мэндийн яам хүүхэд хамгааллын бодлогоо яаралтай гаргахгүй бол өсвөр насны охидын үр хөндүүлж байгаа, өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг цаашид хумьж чадахгүй гэдгийг анхааруулж хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй