Ном худалдаалдаг ТҮЦ-үүдийг “Номын худалдааны төв”-рүү шилжүүлжээ

2025-04-24 36 0

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан, явган хүний замд саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс зах, худалдааны төв талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож байгаа талаар албаныхан мэдээлсэн. Энэ хүрээнд Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв”-д талбай гаргаж, номын худалдаагаа үргэлжлүүлэхийг УБЗАА-наас санал болгосон байна. Улмаар ТҮЦ эрхлэгч есөн иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тус номын худалдааны төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 54 түрээслэгч худалдаа эрхэлж байгаа юм.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгийн өгсөн мэдээллээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 208 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 136 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Багшийн дээд орчимд номын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТҮЦ-ийг чөлөөлсөн. Бусад номын худалдаа эрхэлдэг хүмүүсийг оюутны гудамж дагуу тохиромжтой байршлуудад худалдаагаа үргэлжлүүлэх боломжоор хангах талаар судалж, санал тавиад ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ