Мөрөн суманд шуурхай баг ажиллаж байна

2025-04-15 22 0

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр/2025.04.14/ 21:36 цагт гал гарч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан байна.

Мөн унтраах ажиллагаанд Цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Галын улмаас 73х43 метрийн хэмжээтэй, хоёр давхар худалдааны төв бүрэн шатсан бөгөөд хүний амь эрсдээгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай 4-р хуралдаан өнөөдөр /2025.04.15/ 02:00 болсон. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ. Тус хуралдаанаар гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын багийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгуулсан байна. Тус төвд 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Холбоотой мэдээ