Ш.Энхийн-Од ирэх улирал аль их сургуулийн багт тоглох вэ?

2025-04-14 40 0

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн улирал өндөрлөж, NBA-ийн драфт дөхөж байна. Оюутан тамирчид ч хэдийнэ NBA-д элсэх эсвэл оюутны амьдралаа үргэлжлүүлэх эсэх шийдвэрээ гаргаж эхэлжээ. Тэдний нэг бол NCAA-ийн нэгдүгээр дивизонд тоглосон анхны монгол тамирчин болох Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од. Ютагийн их сургуулийн Ютес багтайгаа улирлаа өндөрлүүлсэн тэрбээр их сургуулиа солихоор шийдэж, солилцооны порталд оров.

ESPN-ийн Жефф Борзеллогийн мэдээлэлд “Ютагийн Майк Шаравжамц солилцооны порталд орсон гэдгийг түүний агент Rize Management-ийн Скотт Николс хэллээ. 205 см өндөртэй холбон тоглогчийн байрлалд тоглодог тэрбээр энэ улирал 7.4 оноо, 2.8 ашигтай дамжуулалт дунджилжээ. Тэрбээр коллежийн замналаа Дэйтонд эхлүүлж, залуу тоглогчдын хоёрдугаар багт нэрлэгдэж байсан” гэлээ.

Өнгөрсөн жил солилцооны порталд нийт 1,296 оюутан тамирчин орж, үүнээс 70 хувь нь өөр сургууль руу шилжиж, зургаан хувь нь нэрээ татан сургуульдаа үлдэж, 23 хувь нь NCAA-ийн бус өөр сургууль руу шилжиж эсвэл спортоо орхисон байна.

Майк Шаравжамц коллежийн замналдаа гурван улирал тоглохдоо гурван өөр их сургуулийн багт тоглов. Тэрбээр эхлээд Дэйтонд, дараа нь Сан Франциско руу шилжиж, өнгөрсөн жил Ютад ирсэн түүхтэй.

Ютагийн их сургуулийн Ютес багийн гарааны дөрвөн тамирчин солилцооны порталд оржээ. Майкаас гадна Эзра Осар, Лосан Ловерин, Жэйк Валин нар сургуулиа солих бодолтой байна. Ютес улирлын дундуур дасгалжуулагч Крэйг Смитийг халж, түүний туслах байсан Жош Эйлертийг тушаал дэвшүүлсэн билээ.

Майк Шаравжамцын Ютесийн төлөөх хамгийн шилдэг тоглолтоор Аризона мужийн их сургуулийн эсрэг хийсэн тоглолт шалгарчээ. Тус тоглолтод Майк 14 оноо авч, зургаан удаа ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлттэй.

NCAA-ийн шүүмжлэгчид Майкийн талаар ярихдаа довтолгоог найруулах, бөмбөг дамжуулах, сул байгаа тоглогчийг олох чадвар сайтай ч өөртөө итгэлгүй, биеийн хүч тааруу гэжээ. Мөн түүний бөмбөг эзэмшилт хангалттай сайн биш, шидэлт нь тогтворгүй гэсэн аж. Майкт итгэдэг дасгалжуулагч л түүнийг дараагийн түвшинд хүргэнэ гэж шүүмжлэгчид бичжээ.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц ч хүүгээ их сургуулийн дөрвөн жилээ бүрэн дүүргэж, дипломтой төгсөөсэй гэж бодож явдгаа ярьсан удаа бий.

Гагцхүү Майк Шаравжамцын ирэх улирал аль сургуульд тоглох вэ? Эсвэл Ютес багтаа үлдэх үү?

Холбоотой мэдээ