“Инээмсэглэл хамтлагийн сонсогчдод насны хязгаар байхгүй. Бидний дуу олон он жилүүдийг даван урт насалж байна”

2023-11-01 308 0

Инээмсэглэл хамтлаг 45 жилийн ойгоо тохиолдуулан тоглолт хийх гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.

Хамтлагийн товч түүх: Ард түмний зүрх сэтгэлийн дулаан хойморт хөг нэмж эгшиглэсээр ирсэн Монголын рок попын анхдагчдын нэг “Инээмсэглэл” хамтлаг 1978 онд байгуулагджээ. Тус хамтлагийн анхны гишүүд болох Ч.Ганболд, Н.Ганхуяг, Б.Долгион, М.Энхсайхан нарын 1968 онд Орос сургуулийн сурагч нар анх хамтлаг байгуулж тайзнаа гарснаас хойш 55 жил өнгөрсөн байна. Энэ бол ирээдүйн Инээмсэглэлийн суурь нь байв. Хэсэг завсарласны дараа “Инээмсэглэл” нэрийн дор дахин нэгдэж тоглох болсноос хойш 45 жил өнгөрчээ.

Инээмсэглэл хамтлагийн тэгш ойг тохиолдуулан хийж буй “Инээмсэглэл” тоглолт нь Соёлын төв өргөөнд Арванхоёрдугаар сарын 1, 2-нд болох юм байна.

Хамтлагийн ойн хүрээнд тоглолтоос гадна дараах зүйлсийг хийхээр болжээ. 

  • Хамтлагийн 24 дуутай давхар хоёр пянз
  • Хамтлагийн түүхэн он жилүүдийн тухай өгүүлэх таван ангит баримтат цуврал нэвтрүүлэг, Кивигийн Ука, А-Sound-н Тэмүүлэн, Voice of Mongolia тэмцээний ялагч Энгүүн, The Royal Heartaches гэх зэрэг уран бүтээлчдийн “Инээмсэглэл” хит дуунуудын шинэ найруулгаар цуврал амьд хөгжмийн контентуудын хамт хүрнэ.
  • Хэд хэдэн шинэ клип зэргийг сонсогчдодоо үзүүлэхээр бэлдээд байгаа аж.

“Сонсогчдын зүрхэнд хүрсэн дуунуудыг тэр чигт нь өөрчлөөгүй. Өмнө нь технологи байхгүй улмаас хийж чадахгүй байсан тэр зүйлийг л сайжруулахыг хүссэн”

зураг

Library Records-ын хөгжмийн продюсер Т.Мөнх-Оргил тоглолтын хөгжмийн продюсероор ажиллаж буй бөгөөд хамтлагийн бүх дууны найруулгыг шинээр хийсэн байна.

Тэрбээр “Инээмсэглэл хамтлагтай хамтарч ажиллах болсон нь нэр төрийн хэрэг. Шинээр найруулсан 24 дууны найруулгыг амьд хөгжимчидтэйгөө хамт сууж байгаад хийсэн. Учир нь 40 жилийн өмнө технологи нь байхгүй улмаас бүрдүүлж чадахгүй байсан тэр зүйлийг бүрдүүлж, дуугаралтыг сайжруулахыг хүслээ. Сонсогчдын зүрхэнд хүрсэн дуунуудыг тэр чигт нь өөрчлөхийг хүсээгүй” гэв.

Хуучны дуунуудаасаа гадна тэр болгон ил гаргаж, сонсогдоод байгаагүй “авдар”-т байсан дуунуудаа шинээр найруулсан гэдгийг хамтлагийн гишүүд онцолж байв.

“40 жилийн өмнө Монголчууд хөмсгөө зангидсан голцуу бараан хувцас өмсдөг, нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах нь ховор байлаа”

Инээмсэглэл хамтлаг нь тухайн үеийн нийгмийн шинэлэг үзэгдэл байсан талаар Инээмсэглэл хамтлагийн гишүүн Н.Ганхуяг “Тухайн үед буюу 40 жилийн өмнө Монголчууд хөмсгөө зангидсан голцуу бараан хувцас өмсдөг, нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах нь ховор байлаа. Тэр үед газар газраас олон юм үзэж, харсан залуус цуглаж шинэлэг хөгжмийн хэв маяг, эгшиг, хэмнэлийг оруулж ирэхийг эрмэлзэж байсан. Инээмсэглэл гэдэг бол ямар ч мөнгө, эрч хүч шаардахгүйгээр хажууд байгаа хүмүүсээ эерэг энергиэр цэнэглэж байдаг гайхалтай зүйл юм.

Бидний үеийнхэн болон одоогийн эрч хүчтэй залуучууд хоорондын зохицлыг тайзан дээр харуулахыг эрмэлзэнэ” гэв.

Инээмсэглэл хамтлагийн гишүүн Ч.Ганболд “Манай хамтлагийн 2010 онд болсон тоглолтын дараа нэг сурвалжлагч охин над дээр ирээд “Би танай бүх дуунуудыг мэддэг юм байна. Гэхдээ та нарын дуу гэдгийг мэддэггүй байлаа” гэсэн. Мэдэхгүй байх нь ч аргагүй юм. Бидний дуулдаг дуунуудыг гарахад тэр охин төрөөгүй байсан байх жишээтэй. Энэ нь бидний дуу олон он жилүүдийг даваад урт насалж байгааг баталж байгаа юм.

Улаанбаатарын үдэш дуу зөвхөн Монголд ч гэлтгүй хил давж дуулагдаж байгааг хүн бүр мэднэ. Б.Бадар-Ууганы маань  дууг одоо болтол дуулсаар үр хүүхдүүд нь уран бүтээлийг нь үргэлжлүүлсээр яваа. 45 жилийн өмнө биднийг сонсож байсан 40 настнууд 80 гарсан байна. 20 настай байсан залуучууд 65 настай байна. Тэгтээ бидний сонсогчдод насны хязгаар гэж байхгүй. Тэр тусмаа залуучуудыг энэ чиглэлийн урлагийн бүтээлүүдийг цааш нь аваад яваасай гэсэн үүднээс ирж үзээсэй гэж хүсэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ