Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнгөрсөн оны байдлаар манай байршлуудад давхардсан тоогоор дөрвөн сая гаруй иргэн, цахимаар зургаан сая гаруй иргэн үйлчилгээ авсан байдаг.
Цахимжилт сайн хийгдсэн ч нөгөө талдаа иргэд болон манай салбарын албан хаагчдын зүгээс ч баримтыг давхар бичгээр бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл архивын дүрэм журмын дагуу цахим, цаас хослуулж явуулдаг.
Улиралд 100,000 орчим өргөдөл, гомдол манай салбарт ирдэг. Дахин инженерчлэлийг хийснээр иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдол, шат дамжлагыг бууруулна.
Мөн салбарын хэмжээнд төрийн албан хаагч дээр ирж байгаа ажлын дарамтыг арилгах хэрэгцээ, шаардлага байгаа.
Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны долдугаар сард батлагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн 60 гаруй журамд өөрчлөлт оруулах гэж байгаа энэ цаг үед дахин инженерчлэл хийж, холбогдох журмуудыг иргэдэд ээлтэй болгож, программ хангамжаа ч шинэчилж таарна.
Төрийн байгууллагууд Засаг даргадаа үйлчилгээ үзүүлэх гэж байгаа юм шиг Засаг даргын Тамгын газраа тойроод байрладаг.
Банкны салбар, мобикомын үйлчилгээ гэхэд хүмүүс хаана үйлчилгээ авмаар байна тэнд нэг цэгийн үйлчилгээг үзүүлдэг. Цаашдаа бид иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ёстой юм байна” гэв.
0 cэтгэгдэлтэй