ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД

2023-11-01 216 0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа

Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулсан байна.

Хөгжлийн банк 2023 онд 500.0 сая ам.долларын бонд болон 30.0 тэрбум иений бонд буюу гадаад хоёр бондын нийт 750.0 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан.

Засгийн газар нүүрсний хулгайтай амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн.

Засгийн газрын зүгээс бодлогын зөв арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 10 сарын 23-ны өдөр Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын эргэн төлөлтийг өрийн зохицуулалт хийх замаар өмнө нь авсан зээл, бондын өр төлбөрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр төлөх бодлого баримталж байгаа энэ үед Хөгжлийн банк өөрийн гадаад өр төлбөрөө зээлийн эргэн төлөлтөөрөө барагдуулж байгаа нь цаашид тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдах итгэлийг дээшлүүлж байна.

 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгой ордын олборлолт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг судалж, холбогдох саналаа боловсруулан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор нүүрсний экспорт, тээвэрлэлт, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж, нүүрсний борлуулалтын орлого огцом нэмэгдсэн, компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан, цэвэр ашгийн хэмжээ давж биелсэн зэрэг бодитой эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн, борлуулалтын орлого хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 2022 онд 1.1 тэрбум ам.долларт хүрсэн,  Засгийн газраас даалгасан үүрэг, даалгаврыг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлого олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.

Иймд нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордын олборлолтыг сайжруулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

 Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна.

Бусад улсын  жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.

Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, дүнг гаргасан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.

Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр:

–   иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг үйл явц, процессын тоог багасгана;

–   төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн нэгээс илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрнэ;

–   төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулна;

–   байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, илүү үр ашигтай болох;

–   төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ;

– төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ