“ШИГШДЭЙ” Ардын зураач, Төрийн шагналт Лувсаншаравын Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан үзэсгэлэн болно

2024-12-09 47 0

Ардын зураач, Төрийн шагналт, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, театрын анхны дарга, Лувсаншаравын Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан “ШИГШДЭЙ” үзэсгэлэн Уран зургийн галерейд 2024 оны 12 дугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

 

“ШИГШДЭЙ” нь утга зүйн хувьд онцгой, шилмэл, шилдэг гэсэн утгыг илэрхийлдэг. Ардын зураач, Төрийн шагналт Л.Намхайцэрэн зураачийн монголын урлаг, соёлд оруулсан хувь нэмрийг ийн хүндэтгэн нэрийдэх нь зүйн хэрэг билээ. Ингээд түүний онцгой намтар түүхээс товч хуваалцъя.

 

Л.Намхайцэрэн 1921-1926 онд хотын анхны бага, дунд сургуульд суралцаж, 1926 онд Герман улсад суралцахаар мордож түүний онцгой аялал өдгөө эхэлжээ.

 

Л.Намхайцэрэн 1930 онд эх орондоо эргэн ирээд дөнгөж байгуулагдсан Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн тээх нэвтрүүлэх “Монголтранс” газрын Зам барилгын хэлтэст дагалдангаар орж 1938 он хүртэл ажиллахдаа Хэнтий аймгийн Хурхын голын гүүр, Алтанбулаг хотын Ивцэг голын гүүр, 1935 онд Хэрлэнгийн Мэлзийн ам хавьцаа 171 метр урт гүүр, 1936 онд Онгийн гүүр, 1937 онд Хэрлэнд голын гүүрийг тус тус барьж байгуулсан аж. Түүнчлэн Их тэнгэрийн амнаас Зайсангийн ам хүртэл Туул голын эрэг дагасан зам тавих ажлыг гардан хийсэн анхны зам гүүрний инженер байсан юм. Тэрбээр эх орныхоо өнцөг булан бүрд очиж даац, хэмжээ, тулгуур бүрийг нь нарийн тооцоолсон олон арван гүүр бүтээн босгосон нь тухайн үеийн улс орны нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

 

Л.Намхайцэрэн нь зам гүүрний инженерээр ажиллах завсраа 1935 онд Улсын төв театрт тайз чимэглэлийг зурж Монголын театрын тайзны урлагийн анхны уран зураач болох уран бүтээлийн гараагаа ийнхүү эхэлсэн байна. 1947 онд Улсын хөгжимт драмын театрын ерөнхий зураачаар томилогдон 1963 он хүртэл ажиллахдаа арав орчим сонгодог драмын жүжгийн тайз чимэглэл, хувцасны зураг загварыг зурсан нь театрын урлагийн шастирт тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ.

 

Тэрбээр багаасаа хийл хөгжим тоглож сурсны хүчинд 1940-1945 онд Улсын циркт хөгжимчин, хөгжим ангийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ тоглолтын зарлал болон тайз чимэглэл, хувцасны загварыг зурж, циркийн барилгын дотоод зохион байгуулалт, дотор чимэглэлийг нь хийж гүйцэтгэжээ. Улсын циркийн анхны хийлч, жааз хөгжмийн оркестрыг үндэслэн байгуулагчийн нэг хэмээн монгол циркийн түүхнээ мөнхрөн үлдсэн хүний нэг нь Л.Намхайцэрэн юм.

 

1942 онд Зураг урлалын газар байгуулагдахад зургийн дугуйланд багшилж, дүрслэх урлагийн анхны үзэсгэлэнгээс эхлэн ойн баярын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцохын зэрэгцээ хөдөө орон нутагт зураг урлалын салбарууд байгуулагдахад хөдөөгийн урчуудад мэргэжил эзэмшүүлэх түр сургуулийг удирдан зохион байгуулж байжээ. Түүнчлэн 1945-1947 онд Зураг урлалын газрын даргаар ажиллаж байсан төдийгүй энэ үедээ нийслэлийн төв талбайд жанжин Сүхбаатарын хөшөө бүтээн босгох ажлыг богино хугацаанд удирдан зохион байгуулж, амжилттай гүйцэтгэжээ. Түүний “Партизанууд”, “Шивээ Хиагтыг авахад”, “Говийн заг”, “Оюутнууд говьд”, “Тоглолтын өмнө” зэрэг 30 гаруй том хэмжээний бодит зургийн бүтээлүүд Монгол Уран зургийн галерейн алтан сан хөмрөг болон Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музейд үнэт өв болон хадгалагдаж байна.

 

1963 онд Улсын Дуурь бүжгийн театр байгуулагдахад анхны даргаар нь томилогдсон тэрбээр 1984 он хүртэл тус театрын зураач, ерөнхий зураачаар ажиллахдаа хорь орчим гадаадын сонгодог дуурь, бүжгэн жүжгийн тайз чимэглэл, хувцасны зураг загварыг бүтээсэн шилдэг уран бүтээлч, Улсын Дуурь бүжгийн театрыг үндэслэгчийн нэг билээ.

 

Л.Намхайцэрэн нь Монгол Улсын драмын театрын ерөнхий зураач, Улсын Дуурь Бүжгийн Театрын дарга, ерөнхий зураач, Соёлын яамны орлогч сайд зэрэг удирдах албан тушаалын алба хашиж явсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байв. Соёл урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмэр, гавьяа зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлэгдэн 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1959 онд Төрийн шагнал хүртэж, 1973 онд Ардын зураач цолоор шагнагджээ.

 

Энэхүү үзэсгэлэн нь Л.Намхайцэрэнгийн уран бүтээлийн өв, Монголын соёл, урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд танилцуулах онцгой арга хэмжээ юм.
Эрхэм Та “Шигшдэй” үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй!

 

Шигшдэй үзэсгэлэнгийн онцлог

  • Ардын зураач, Төрийн шагналт Л.Намхайцэрэнгийн Театрын тайз, хувцасны зураг, уран зураг, түүхэн дурсамжуудаас танилцуулах.
  • Ардын зураач, Төрийн шагналт Л.Намхайцэрэнгийн Монголын соёл, урлагт оруулсан өвийг залуу үеийнхэнд танилцуулах, шилдэг бүтээлүүдээс дэлгэн үзүүлэх.
  • “Соён Гүн” сангийн танилцуулга, хамтын ажиллагааны арга хэмжээ.

Холбоотой мэдээ