О.Баттулга: Азийн наадмын үеэр допингийн асуудалд холбогдсон боксчин Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багаас хассан

2023-11-01 139 0

Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-оос цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр “Ханжоу 2022” Азийн наадмын үеэр допингийн хэрэглэсэн гэх Б.Чинзоригтой холбоотой асуудлаар БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга мэдээлэл өгөв.

Тэрбээр “Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 25 спортын холбоо багтаж, БТСУХ-той гэрээ байгуулан төрөөс дэмжлэг авдаг. Үндэсний шигшээ багийг “Парис-2024” зуны олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.1.7-д заасны дагуу Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг түр зогсоосон билээ.

Боксын холбоо гэрээнийхээ хүрээнд хоёр дасгалжуулагч, тамирчинд хариуцлага тооцсон албан бичиг ирүүлсэн. Тиймээс боксын үндэсний шигшээ багийн тамирчдын цалингийн санхүүжүүлэлтийг өчигдөр нээж шийдвэрлэсэн.

Биеийн тамир спортын улсын хороо допингтой холбоотой ямар нэгэн асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй. БТСУХ-оос хувь тамирчинд ямар нэгэн асуудал яриагүй. Тамирчин эрхээ хамгаалах процесс үргэлжлээд явна.

Боксчин Б.Чинзоригт холбогдох шийдвэрийг Монголын боксын холбооноос гаргасан. БТСУХ-д ирүүлсэн бичигт тамирчин Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багаас хасах арга хэмжээг авсан гэсэн. Мөн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эмч Ч.Насанбат нарын цалингийн 20 хувийг гурван сараар хасах шийтгэл авсан байна.

Мөн “Ханжоу 2022″ Азийн наадмын үеэр допингийн төрлийн бодис илэрсэн хүндийн өргөлтийн Б.Эрдэнэзулийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасаж, Дэлхийн допингийн эсрэг байгууллагад 5,000 ам.долларыг энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дасгалжуулагч Ч.Март, Ч.Эрдэнэзул нар төлж барагдуулна гэсэн шийдвэрийг гаргасан” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ