Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тоглолтууд энэ долоо хоногт эхлэх гэж байгаа билээ.
Гэвч аравдугаар сарын 20-ноос хойш Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ) болон Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Багийн Эзэд, Хөрөнгө Оруулагчдын Холбоо (МСББЭХОХ) хоорондын үүссэн асуудлаас болж Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн таван багийг Үндэсний дээд лигээс хасах шийдвэрийг МСБХ-оос гаргасан. Улмаар Хөгжлийн лигийн багуудыг Үндэсний дээд лигт оролцуулж, шинэ улирлаа эхлүүлэх болсон юм.
Хасагдсан таван багийн эзэд Монголын Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Лиг (ММСБЛ)-ийг үүсгэн байгуулж, удахгүй тоглолтуудаа эхлэх талаар өнгөрсөн долоо хоногт зарласан. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хоорондоо нөхөрсөг тоглолтууд зохион байгуулаад амжсан. Гэхдээ энэ долоо хоногийн Даваа гаригт багуудын эздийн холбооноос тамирчдын уриалгыг хүндэтгэн үзэж, хэлэлцээрийн ширээний ард суух уриалга гаргасан билээ.
Харин Монголын сагсан бөмбөгийн тамирчдын Ирээдүй холбооны гишүүд Т.Санчир, Б.Билгүүн, Г.Баттөр болон хасагдсан багийн тамирчид өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр тамирчид нэгдсэн нэг лигт тоглох хүсэлтэй буйгаа дуу нэгтэйгээр зарласан.
Тэгвэл МСБХ-оос дээрх уриалга, хүсэлтийг үндэслэн хасагдсан “Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн таван багийн тамирчдыг Үндэсний дээд лигт оролцох эрхтэй болсон талаар МСБХ-ны Удирдах зөвлөлийн тогтоол гаргасан байна.
Энэ тогтоолын хариуд багуудын эздийн холбооноос ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэхдээ хасагдсан эрэгтэй таван багийн тавьсан найман шаардлагын талаар МСБХ-оос ямар нэгэн шийдтэй зүйл дурдаагүй.
Зөвхөн тамирчдын “Ирээдүй холбооноос гаргасан хүсэлт болон тамирчдын эрх ашгийг хамгаалах, нийт тамирчдыг Лигийн тэмцээнд оролцуулах боломжийг хангах, сагсан бөмбөгийн спортын үзэгч, дэмжигчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэн” хэмээн тодотгосон байгаа нь багийн эздийн тавьсан шаардлагатай холбоотой зүйлүүдийг асуудал хэвээр үлдээсэн байх магадлалтай.
Гэвч Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн эрэгтэй таван багийн эзэд, менежер, төлөөлөх эрх бүхий этгээдүүдийг Лигийн журам, Хамтран ажиллах гэрээ”-ний заалтуудыг зөрчиж, багийн тамирчид, үзэгчдийг хохироосон гэх үндэслэлээр МСБХ-оос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хасахаар болсон талаар хариуцлага тооцох бичиг гаргаж албажуулжээ.
0 cэтгэгдэлтэй