Сонгууль өгөөд буцаж явахдаа осолдсон оюутнуудтай хамт дөрвөн тээврийн хэрэгсэлтэй 20 орчим хүн хамт явж байжээ

2024-10-14 131 0

Орон нутгийн сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд Говь-Алтай аймагт осолд орж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр гарсан билээ.

Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр 14 цаг 50 минутад “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч 2 хүн нас барсан” гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулашгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркын авто машин замын зорчих хэсгийн баруун талруу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт 5 иргэнээс 2 иргэн нас барж, 2 иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна” гэлээ.  Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн оюутнууд нь сонгууль өгөөд буцаж явахдаа ийнхүү осолдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гарах үед дөрвөн тээврийн хэрэгсэлтэй 20 орчим хүн хамт явж байжээ.

Холбоотой мэдээ