Б.Түшиг-Эрдэнэ: Найрамдал зуслангийн замыг арваннэгдүгээр сарын 20-н гэхэд ашиглалтад оруулна

2024-10-10 57 0

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 44 хувьтай үргэлжилж байгаа аж. Уг зам нь хоёр эгнээ бүхий 16 км урт зам.

Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Найрамдал зуслан чиглэлийн хоёр эгнээ бүхий 16 км урт замыг есөн сантиметрийн зузаан хучилттай болгож байна. Өөрийн шуудуутай, ус зайлуулах байгууламжтай. Замын урд хэсгээр дугуйн зам тавих юм.

Одоогийн байдлаар дөрвөн километр замыг бүрэн засаж, хөдөлгөөнийг нээсэн. Энэ амралтын өдрүүдэд Найрамдал зуслангийн доторх авто замын хучилтын ажлыг хийхээр бэлтгэл хангаж байна. Үлдсэн найман километр зам нь бүтцийн эвдрэлтэй тул суурийг солих шаардлагатай. Эхний хоёр байршилд хөрш солих ажлыг хийж, нягтруулж байна.

Авто замын ажил бүрэн дууссаны дараа явган хүний замын ажил эхэлнэ.

Найрамдал зуслангийн замыг арваннэгдүгээр сарын 20-н гэхэд шинэчилж дуусгахаар төлөвлөж байна” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ