Улаанбаатар хот авто замын борооны ус зайлуулах 4,000 гаруй шүүрт худаг, үзлэгийн 3,800 гаруй худагтай. Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 655 авто замын борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худаг засварлахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 400 гаруй худгийг засварлаад байна. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудал орчимд ажиллалаа.
Тэрбээр “Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудлын шүүрт худаг суулт өгч, цөмөрсөн тул засварлаж байна. Энэ мэтчилэн борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худгийг шөнийн цагаар авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хоёр бригад гарч засварлаж байгаа юм. Төлөвлөсөн худгуудыг аравдугаар сарын 15 хүртэл засварлаж дуусгахаар ажиллаж байна” гэв.
Түүнчлэн ГУББГ нь авто замын борооны ус зайлуулах 4,000 гаруй шүүрт худгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг бөгөөд жилд 2-3 удаагийн давтан цэвэрлэгээ хийдэг байна.
Мөн Нэгдүгээр хорооллын арын гудамж, Дарь-Эх, Цайз зэрэг гэр хороололтой ойрхон байршлуудад гурваас ч олон удаагийн цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлдэг аж. Учир нь шүүрт худгууд том оврын машинд дайруулан эвдрэх, хүний буруутай үйлдэл буюу хог хаягдлаар дүүрэн бөглөрөх, байнгын хөдөлгөөний нөхцөл байдлаас үүдэн эвдрэл, гэмтэл ихээр үүсдэг талаар тэрбээр онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 cэтгэгдэлтэй