МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа ирэх сарын 9-нд хийнэ

2024-09-30 22 0

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа аравдугаар сарын 9-ний өдөр Флорида мужийн Плант хотноо хийхээр бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж байна. Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан.

Харин энэ удаа хүч үзэх Пуэрто Рикогийн өөр нэгэн боксчин Фрэнси Фортунато нь өмнөх хэдтэй харьцуулахад нэлээд эвгүй өрсөлдөгч бололтой. Насны хувьд Цэндээтэй чацуу буюу 27-той. Манай хүнээс 12 см өндөр, нэлээд чацархаг тамирчин байна. 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа дийлджээ.

2021 оны гуравдугаар сард Аргентиний Алберто Мелианы эсрэг хийсэн тулаанд шүүгчийн шийдвэрээр ялагдал хүлээсэн юм. Тэрбээр сүүлийн хоёр жилд ердөө хоёрхон тулаан хийсэн байх юм. Ингэхдээ 2022 онд 16-0 амжилттай явсан Бернард Торресийг, өнгөрсөн жил 13-2 амжилттай Кейни Монтенегрог тус тус ялжээ. Урт гараа ашиглан зайнаас тулалддаг, цохилт сайн даадаг боксчин гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Харин манай Цэндээ олимпын эрхийн тэмцээнд ялагдсанаас хойш дөрвөн сарын дараа дахин рингэнд гарах гэж байна. Хоёр шилдэг боксчны тулааны эхлэхэд есхөн хоног үлдлээ.

Холбоотой мэдээ