Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Ази тивд аваргаллаа

2024-09-30 74 0

Киргизстаны нийслэл Бишкек хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-28-ны өдрүүдэд болоход 10 орны 300 орчим тамирчин өрсөлдлөө. Энэ тэмцээнээс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт оржээ.

Тус тэмцээний шилдэг тамирчин өргөмжлөлийг манай улсаас Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар хүртсэн байна. Тэднээс онцолбол, Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн цомын зургаан удаагийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Содномпилжээ хэвтээ шахалтын -120 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.

Э.Содномпилжээгийн энэ оны олон улсын тэмцээний дөрөв дэх медаль бөгөөд тэрбээр 2024 онд дэлхийн цомоос алт, мөнгө, “Парис-2024” паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн бол Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж байна.

Холбоотой мэдээ