Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 26-нд Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварезтай тус улсын Байнгын төлөөлөгчийн газарт уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцохын зэрэгцээ Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурав.
Баримт бичгүүдийг байгуулснаар талууд шинэ тутам хөгжиж буй хоёр талын хамтын ажиллагааг улс төр, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын зэрэг харилцан ашигтай салбарт хөгжүүлэх, эдгээрийг ажил хэрэг болгоход чиглэгдсэн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын яриа хэлэлцээний механизмтай болж, түүнчлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.
0 cэтгэгдэлтэй