Г.Тэмүүлэн: Хяналтгүй, хоёр төсөвтэй болох эрсдэл нүүрлэлээ

2024-08-23 75 0

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  Төсвийн тогтвортой байдал алдагдаж байгаа талаар өнөөдөр /2024.08.23/ мэдээлэл хийлээ.


“2024 оны Төсвийн тодотголыг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан нь төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах, улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтанд оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлүүдийг учруулахаар байна. Иймд гадаад өр зээл, бондын сөрөг үр дагаврыг дутуу үнэлж алдаатай шийдвэр гаргахаас УИХ сэргийлж, тус хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаах шаардлагатай байна. Тиймээс хувь хүнийхээ зүгээс  хүсэлт гаргасан байгаа. Монгол Улс одоог хүртэл нэгдсэн нэг төсөвтэй байсан бол одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар хоёр төсөвтэй болох эрсдэл үүсээд байна. Монгол Улсын төсөв, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах хууль болсон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж тус хуулийн үндсэн суурь зарчим, агуулгыг нь алдагдуулж, хяналт тавих, хязгаарлах боломжийг хааж байна.

Тодруулбал тус хуульд Төсвийн суурь зарлага, суурь тэнцэл хэмээх шинэ тодорхойлолтыг оруулан улмаар төсөвт бонд болон гадаад зээлүүдийг оруулж тооцохгүй, төсвийн гадна гаргах зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэйгөөс ялгаагүй болох, гадаад өр, зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналт тавих боломжгүй болгож байна.

Тухайлбал, төсвийн зардал ирэх гурван жилд хамгийн доод талдаа 11.6 их наядаар нэмэгдэж, тэр хэмжээгээр Засгийн газрын өрийн хэмжээ тэлэн, улмаар гадаад өр, зээлийн бондын эргэн төлөлтийн дарамт улсын төсөвт  эрсдэл учруулахаар байна. Төсвийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, иргэдийн оролцоог бий болгох үүднээс 2023 онд УИХ-аар батлуулсан зохицуулалтуудыг сууриар нь өөрчилж төсвийн ил тод байдал, иргэдийн төсвийн төсөлтэй танилцах, мэдээлжих эрхүүдийг хязгаарлана. 2023 он батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн төслийг Засгийн газар жил бүрийн есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих байсныг өөрчлөн, улмаар аравдугаар сар хүртэлх хугацаанд олон нийт болон УИХ ирэх оныхоо төсөвтэй бүрэн танилцах байсныг өөрчилж, татвар төлөгчдийн төсөвтэй танилцах эрхийг хааж, хугацаагаар шахах зохицуулалтуудыг хийсэн байна.

Үүний сөрөг үр дагавар нь

  • Монгол Улсын нэгдсэн төсөв, нэгдсэн төсвийн алдагдал гэх ойлголт байхгүй болно.
  • Засгийн газрын өрийн хэмжээ болон эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэнэ.
  • Төсвийн хэт тэлэлт бий болж, өрийн дарамт үүсэх бөгөөд улмаар төлбөрийн тэнцлийн хүндрэл бий болж, төгрөгийн ханшийн сулралт, инфляци нэмэгдэх эрсдлүүд үүснэ.

Түүнчлэн урт, дунд хугацаанд дефолт буюу улс дампуурах эрсдэл үүснэ. Энэ бол эрдэмтэн, судлаачдын гаргасан дүгнэлт. Иймд тус хуулийн хулгайг УИХ буцаах байх гэж найдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ