Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа

2024-08-16 126 0

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа.

 

Эрхэм Монголчууд аа!

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монголчууд бид парламентын ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийг сонгогчдын саналыг гээхгүй байх зарчимд суурилсан холимог тогтолцоогоор явуулж, хувь тэнцүүлсэн болон бүсчилсэн тойргоос сонгогдсон салбар салбарын дуу хоолой болсон 126 гишүүнтэйгээр анх удаа бүрдүүллээ.

Анх удаа таван намын төлөөлөл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 хувь болж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, экспертүүд, хилийн чанадад амьдарч буй иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад сонгогдсон нь улс төрийн соёлын хувьд шинэ 30 жилийг эхлүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх шинэ хүлээлт нийгэмд үүсгэснийг судалгааны дүн харуулж байна.

Энэхүү нийгмийн хүлээлтийг хүндэтгэн Ерөнхий сайдын хувьд сонгуулийн холимог тогтолцоог хамтран шийдвэрлэсэн Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газрыг хамтарч байгуулах санал тавьж, бусад намын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандахыг эрмэлзлээ.

Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг

·      Улсын эрх ашиг нэгдүгээрт,

·      Улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт,

·      Хувийн эрх ашиг эцэст нь байх тухай хэлсэн үгийг суурь зарчим болгож,

“ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэхүү хөтөлбөр бүхэлдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржин гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэгдсэн гэж үзэж болно.

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах төлөвтэй байна. Харин манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өссөн бол 2024 онд 4.8 хувь болон саарсан байна.  Монгол Улсын хувьд эдийн засаг дунджаар 5-8 орчим хувийн өсөлттэй байж чадвал бид энэхүү хөтөлбөрийг хамтын хүчээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой.

Олон улсын судлаачид геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй худалдааны дайн, санхүүгийн хориг арга хэмжээ, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл зэрэг дээрх төсөөлөл өөрчлөгдөж болох эрсдэлийг урьдчилан анхааруулсаар байгааг мартаж болохгүй ээ.

Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалын хэмжээнд өрнөж хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн үетэй давхцаж байгаа нь ихээхэн онцлогтой байна. Нэг үгээр хэлбэл, бидний төсөөллөөс давсан эерэг болон сөрөг нөлөөлөл хэрхэн манай бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөхийг таамаглах нь томоохон сорилт бас боломж юм.

Уурын хөдөлгүүр үүсэж, хүнд даацын ачаа барааг хурдтай зөөх, гар ажиллагааг орлох механикжсан технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаас, дотоод шаталтын хөдөлгүүр нэвтэрч, авто машин, нисэх онгоц, эрчим хүч хэрэглээнд нэвтэрч, масс үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал хүртэл дунджаар 100 гаруй жилийн хугацаа зарцуулсан бол тооцоолон бодох электрон машин буюу компьютер, тоон технологи нэвтэрсэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалаас интернэтийн сүлжээ, ухаалаг технологид шилжсэн дөрөвдүгээр хувьсгал хүртэл ердөө 30 орчим жилийн хугацаа зарцуулсан байдаг.

Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн цаг хугацаа үүнээс хэд дахин хурдтай өрнөж, аж үйлдвэрийн тавдугаар, цаашлаад зургаадугаар хувьсгалтай золгуулахад бид бэлэн байх учиртай.

Мөн манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болсон нүүрсний ашиглалтын цаг хугацаа дуусахад 10 хүрэхгүй жил үлдэж байгаа тул бид эдийн засгийн төрөлжилтийн зоригтой алхмуудыг амжиж хийх ёстой. Тийм ч учраас хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэхийн төлөө Засгийн газраас дөрвөн жилд, дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдана. Улсын төсвийн эх үүсвэрээс энэ дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой. Тийм ч учраас энэ хөтөлбөрийн суурь үзэл санаа нь улсын төсвийн хөрөнгийг үржүүлэхийн хүрд болгон ашиглах, хувийн хэвшлийг урамшуулан идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо олон улсын түвшинд хүргэн сайжруулахад чиглэгдэн боловсруулагдсан гэж үзэж болно.

Шинжлэх ухаан, технологи, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн нийцэл, олон улсын экспертүүдтэй хамтран ажиллах чадавх бүхий хүний нөөцийг цаг алдалгүй бүрдүүлж, их өгөгдөлд тулгуурласан бодлого, төлөвлөлт, хурдтай шийдвэр гаргалт, ногоон технологийн дэвшилтэт шилжилтийг уул уурхай, эрчим хүч, тээвэр логистик, хот байгуулалт, барилгын салбарт хийснээр бид энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Бүсчилсэн хөгжлийн реформын цогц асуудлыг тусгалаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэлийн суурь зангилаа тайлагдах болно.

Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулж, нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлтийн цогц шийдэл бүхий “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж, Улсын Их Хуралд энэ ондоо багтааж өргөн барина.

Олон жил ужгирсан нийслэлийн асуудлыг хурдтай шийдвэрлэхэд зориг хэрэгтэй. Мөн өмнөх 30 жилд нийслэлд зарцуулсан хөрөнгө оруулалтыг ирэх гурван жилд гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл 20 минутын дотор очдог байх шаардлагатай. Ингэхийн тулд хотын төвөөс Хүрхрээгийн ам хүртэл “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр барьж, Хүрхрээгийн амнаас нисэх буудал руу шууд очих Хөшигийн хөндийн хос урсгалын туннел байгуулахаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Улаанбаатар хотын замуудыг хооронд нь холбох “Шинэ тойрог авто зам”-ын төслийг хэрэгжүүлнэ.

Энэ бүтээн байгуулалтыг Туул хурдны замаар эхлүүлэх болно. Богдхан уулыг тойрч Тэрэлж, Налайх, Майдар хот, Зуун мод хот, Хөшигийн хөндий, Аргалант-Эмээлт хот, Жаргалант, Рашаант хотыг холбосон
“Шинэ их Тойруу” хурдны авто зам эсвэл хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зардлыг төсвийн тодотголд тусгасан болно. Нийслэлээс санаачилсан Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглатад оруулах төслийг Засгийн газар дэмжин ажиллаж бодит ажил болгох болно.

Нийслэл Улаанбаатар хотыг Төвийн бүс нутагт Хөшигийн хөндийгөөр дамжуулан тэлж, улсын төв цэгт байрлах эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох ажлыг зохион байгуулах болно.

Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх болно. Энэхүү шинэ суурьшлын их бүтээн байгуулалтыг манлайлж, хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын байгууллагуудыг бүсчлэн байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулах болно.

Нийслэлийн хэт төвлөрлийн үндсэн шийдэл бол улс орон бүсчлэн хөгжих гэдэг нь ойлгомжтой. Улсын Их Хурлын сонгуулийг анх удаа бүсчилсэн тойргоор зохион байгуулсан нь ч үүнтэй холбоотой. Саяхан Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж энэхүү хөтөлбөрт тусгах санал солилцоход ярьж буй асуудлуудын цар хүрээ өмнөх жилүүдээс үлэмж хэмжээнд томорсон нь ажиглагдсан.  Улсын төсвийг орон нутгийн нэгж бүхэнд тэгшитгэн хуваах улс төрийн соёл хаагдаж, бүс нутгууд бие даан хөгжих эдийн засгийн боломжоо бүрдэх сэтгэлгээний хөрс тавигдсанд Ерөнхий сайдын хувьд ихээхэн талархалтай байна.

Засгийн газраас Бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд төрөлжсөн болон дэд тэргүүлэх чиглэлтэй байхаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Ингэж төрөлжүүлэхгүй бол хөрөнгө оруулалт тарамдаж, бодит үр дүн гарахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа! Тиймээс ч бид мөн л хурдтай хөгжлийн төлөө зориг гаргах учиртай.

·      Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс”,

·      Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,

·      Хойд бүсийг “Байгалийн аялалын жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”,

·      Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс”,

·      Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс”,

·      Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзэж байна.

Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийн дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно. Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, өмнөх ТЭЗҮ-г шинэчлэх, зураг төсөв, судалгааны ажлыг эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг энэхүү тодотголд тусгасан болно. Бид намар, өвөлдөө амжин боловсруулж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байхын төлөө цаг хугацаатай уралдан ажиллах учиртай.

Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ!

Хүний хөгжлийн бодлого нь Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн цөм байх нь ойлгомжтой. Улсын хөгжил бол хүний хөгжлөөс ундаргатай. Төр, засаг ч нийгмийг бүрэлдүүлж буй оролцогч талуудын нэг л хэсэг юм. Тийм ч учраас иргэдийн оролцоонд тулгуурласан хөтөлбөр л амжилттай хэрэгждэг гэдгийг улс орнуудын хөгжлийн түүх нотолдог.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсад хэрэглэгддэг хүний хөгжлийн суурь индексүүдээр үнэлэхээр боловсруулагдаж,  хэмжигдэхүйц, хүрэхүйц, эрсдэлийг тооцдог байх аргачлалыг ашиглалаа.

Аль ч улс орны ирээдүй, ирээдүйн иргэдээ хэрхэн бэлдэхээс хамаарах нь ойлгомжтой. Монгол хүн

·      Эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эрүүл чийрэг, хүмүүжил төлөвшилтэй,

·      Нийгмийн хариуцлагатай иргэн,

·      Гэр бүлийн хариуцлагатай гишүүн болж төлөвших суурь нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролд тавигдах учиртай.

“Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг” гэдэг үг ч үүнтэй холбоотой. Тиймээс энэхүү хөтөлбөрт багш мэргэжлийг бүх талаар дэмжиж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрдүүлэх чадамж бүхий үндэсний хөтөлбөрийг аль улсын хөрөнгө оруулалттай сургуулиас үл хамааран бүх сургууль хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн тусгалаа.

Харин дээд боловсролын хувьд

·      Улсынхаа ирээдүйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэж чадах үндэсний хүний нөөцийг бэлдэх,

·      Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй уялдах,

·      Дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлдэх,

·      Олон улсын оюутнуудыг бэлдэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх эрэмбээ ахиулсан их сургуулийг хөгжүүлэхэд Засгийн газар бүх талаар дэмжин ажиллахаар энэ хөтөлбөрт орууллаа.

Бидний өнгөрсөн хугацааны алдаа боловсрол, эрүүл мэндийн салбарыг тусдаа гэж үзсэн явдал юм. Хөгжил бол хүний биетэй адил амьд цогц организм билээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрт илрүүлэг, эмийн чанар, эмч, сувилагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал болохыг энэхүү хөтөлбөрт голлон тусгасан. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй амьдралын буруу хэвшил, архи, тамхины хэрэглээг бууруулж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг бага наснаас нь хэвшүүлэх асуудлыг боловсролын тогтолцоогоор дамжуулан олгох болно.

Олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлэхийн зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгслийн  салбар дундын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, эмийн импортыг бүрэн цахимжуулна. Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ. Хүн амын бие бялдрын хөгжлийг хянах цахим технологи, өгөгдлийн системийг хөгжүүлж, нийтийн биеийн тамир, спортын орчны хүртээмжийг сайжруулна.

Мөн хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хувийн хэвшлийг идэвхжүүлэх, оролцоог хангах зорилгоор

·      Мод тарих болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлэх

·      Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх музей, театр, номын сан зэрэг соёлын үйлчилгээ,

·      Иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн нийтийн биеийн тамирын талбай, спорт цогцолборууд, фитнес клуб зэрэг спортын байгууламж,

·      Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, зуслан, парк, тоглоомын талбай, ахмад настны хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх зэрэг хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийсэн Аж ахуйн нэгжид борлуулалтын орлогын нэг хүртэл хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.

Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, уг сангаар дамжуулан эрүүл мэнд боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, E-Mongolia платформ дээр иргэн бүрд хуримтлалын данс нээх, ингэснээр байгалийн баялгийн өгөөжийг ард иргэд шударга хүртэх реформыг хэрэгжүүлнэ.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ!

Энэхүү дэвшүүлсэн нийгмийн бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд өмнө нь дурдсанчлан

·      Эдийн засгийн өсөлтийг ирэх дөрвөн жилд 5-6 хувьд хадгалж,

·      Инфляцыг нэг оронтой тоонд барьж,

·      Төлбөрийн тэнцлийг эерэг байлгаж, валютын нөөцийг нэмэгдүүлж,

·      Эдийн засгийн эрх чөлөөний байдлын болон дэлхийн инновацын үзүүлэлтийг сайжруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэх эдийн засгийн төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн дөрвөн жил боомтын боомийг тайлж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 37 их наяд төгрөгөөс 68.9 их наяд төгрөгт хүргэсэн шиг ирэх дөрвөн жилд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээж, хөгжлийн боомийг тайлах болно. Эдийн засгийг тэлэхийн тулд дараах 14 мега төслийг Засгийн газраас онцолж байна.

o   “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгаж, экспортын хүчин чадлыг 40 сая.тн хүртэл, экспортын орлогыг хоёр дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадлыг гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

o   Энэ холболтууд хийгдсэнээр Зүүн босоо тэнхлэгийг Бичигт-Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийг Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэх болно.

o   Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станцыг барина. Оюутолгой хэлэлцээрийн хувьд олон жил яригдсан энэ төсөл хөдлөх боломжтой болсон.  Жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэх болно.

o   Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Энэ төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээний цөм.

o   Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэх, түүхий нүүрсний хэрэглээг жил бүр  439 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулах ач холбогдолтой төсөл бөгөөд тохируулагч станц юм. Байгаль далайд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг яаравчлах шаардлагатай бөгөөд энэ төсөл удааширсан тохиолдолд III цахилгаан станцын өргөтгөлийг зайлгүй хийх шаардлагатай.

o   Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд бодлогын дэвшил гаргана. Судалгаагаар Монгол Улс 2,600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон. Ингэснээр дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөхөөс гадна эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн (carbon credit) арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний либералчлалын бодлогыг агаарын тээврийн либералчлалыг амжилттай хийсэн шиг зоригтой хийх шаардлагатай.

o   Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулна. Төслийг хэрэгжүүлснээр Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны түвшин тогтворжиж, хүн ам, мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэх, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах, шар шороон шуургатай тэмцэх боломжгүй юм.

o   Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төслийг эхлүүлнэ. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай уг төсөл жилд 2,500 тонн ураныг олборлон экспортолж, улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татварын орлого оруулж, 1,000 гаруй ажлын байр бий болгох тооцоололтой. Байгаль орчны үнэлгээ болон цахилгаан станцын хэлэлцээрийг нягт хийх учиртай. Оюутолгойн гэрээнд гаргасан алдааг бид давтах ёсгүй.

o   Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна. Говийн бүс нутгийн ашигт малтмалын нөөц баялгийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа. Нүүрсийг дахин боловсруулж устөрөгч болгох, нүүрсийг угаах технологийн шийдлийг бид амжиж гаргах учиртай.

o   Зэс боловсруулах цогцолбор байгуулснаар жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38.2 тонн мөнгөн гулдмай болон 182 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Гурван байршлын аль нэгийг сонгох, байгалийн нөлөөллийн үнэлгээнд дүн шинжилгээ хийх.

o   Гангийн үйлдвэр байгуулж, дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.

o   Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орсноор жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг дотоодоос хангана.

o   Оюутолгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж юм. Геологийн хайгуулыг эрчижүүлж, хоёр дахь Оюутолгой, хоёр дахь Тавантолгойг нээх ажилд Засгийн газар анхаарал хандуулан ажиллана.

o   Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна. Ингэснээр иргэд оршин суугаа газраасаа үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүртэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдэнэ.

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь засаглалын зөв тогтолцоо, хувийн эрх ашгийг хойш тавьж, улсын эрх ашгийг эхэнд тавьсан төрийн зүтгэлтнүүдийн үйл хэрэгтэй салшгүй холбоотой.

Монгол Улсын парламентын засаглал 1992-2024 он, 2024 оноос хойш гэж бичигдэнэ. Тиймээс ч Монгол Улсын ардчиллын баталгаа болсон парламентын засаглалыг улам бүр бэхжүүлэх, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах, нэр хүндийг өндөрт өргөх нь 126 төлөөлөлтэйгээр бүрдсэн анхны парламентын гишүүн Та бидний түүхэн үүрэг билээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн эрх зүйн цогц реформыг бүрэн дэмжихээр тусгалаа.

Хүний эрх, эрх чөлөө, хуулийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал, тэр дундаа шүүхийн шатанд хилсээр хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, ард түмэнд харгис хатуу, авлигачдад аядуу зөөлөн ханддаг шударга бус үйлдлийг таслан зогсоох, шүүхийн ил тод байдлыг хангасан эрх зүйн цахим реформыг хийх шаардлагатай.

Хүнд суртлын эх үндэс болсон хуулиас давсан журмаар зохицуулагддаг харилцаа, 1990 оноос хойших эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх эр зориг гаргаж, цэгцлэх асуудал хамтарсан Засгийн газрын үед шийдвэрлэгдэж чадна гэдэгт итгэж байна.

Төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгаж, цахимжуулж, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг сайжруулж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, олон улсын менежментийн багаар удирдуулах ажлыг ч зохион байгуулна.

E-Mongolia платформын хэрэглэгчдийн тоог 2.2 саяд хүргэж, хүний оролцоогүй, хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлснээр төрийн албаны чиг үүргийн давхардлыг нэгтгэж, авлигын үндсийг арилгахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт ч мөн итгэж байна.

Төрийн албанд таваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчийг “1+2” буюу гадаадад хэлний болон ахисан түвшний сургалтад хамруулах зорилт тусгалаа.

Засаглалын ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоонд тулгуурласан эргэх холбоог бүрдүүлэхэд ирээдүйн удирдагчид, хүн амын дийлэнх хэсэг болсон залуучуудыг ойлгож, оролцоог нь хангах, хамтарч ажиллах нь манай улсын хувьд туйлын чухал билээ. Төр засаг залуучууд биднийг ойлгохгүй байна гэж халаглах нь үр дүнгүй бөгөөд хуучирсан хэвшмэл ойлголт юм. Шинэ парламент бүрдэж, шинэ 30 жил эхэлж байна. Цоо шинэ хандлага бүхий шинэ мянганы залуус хаалга тогшиж байгааг мэдэрч, өөрчлөлтийн манлайлал биднээс, энэ танхимаас эхлэх ёстой. Шинэ 30 жил бол тэднийх юм.

Цагийн зүү буцаж эргэдэггүй ээ! Эргэх ч ёсгүй.

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

“Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлах тухай  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Холбоотой мэдээ