Б.Жаргалан: МАН дангаараа ЗГ байгуулахаас татгалзаж байгаа явдалд Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс тайлбар хүсэж байна

2024-07-05 148 0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.  МАН-ын намын зүгээс Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн. Уг саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд танилцуулсан юм.

Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан, “2024 оны сонгууль маш хүнд байлаа. Томсгосон тойргоор, эмэгтэйчүүд, залуучуудад их халгаатай, мөнгөний нөлөө орсон, АН-ын гишүүний амь насанд хүртэл халдсан ийм болсон. МАН бие дааж Засгийн газар байгуулах хэмжээний суудал авсан. Өчигдөр МАН-ын гарын үсэгтэй хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай гэдэг гарчигтай зөвшилцөлд урьж байна гэдэг албан бичиг АН-д ирсэн. Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс яагаад ийм шийдвэр гаргах болсон, яагаад бие дааж Засгийн газар байгуулахаасаа татгалзах болсон бэ гэдэг тайлбар хүсэж байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Намуудын мөрийн хөтөлбөрүүдэд давхацсан, шийдвэрлэхгүй бол болохгүй асуудлууд байгаа. Жишээ нь, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд зөвшилцөх хэрэгтэй. Хамгийн их суудал авсан АН, ХҮН намуудад хандаж шийдвэрлэх ёстой асуудлуудаа бичээд геополитикийн хүндрэлтэй байгаа үед зарчим, мөрийн хөтөлбөр дээрээ нэгдэж чадвал хамтрахад бэлэн байна гэдэг саналыг хүргүүлсэн” гэв.

Холбоотой мэдээ