Япон улс шинэ загварын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах гэж байна

2024-07-01 88 0

Япон улс энэ долоо хоногийн Лхагва гарагт шинэ мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд гаргахаар болжээ.

Тухайлбал 20 орчим жилийн дараа шинэчилсэн загвартай 10,000, 5,000 болон 1,000 иений дэвсгэртүүд гаргах гэж байна.

Шинэ дэвсгэртүүд дээрх тоог өмнөхөөсөө илүү том хэмжээтэй хэвлэсэн нь ямар ч насны, ямар ч үндэс угсаатай хүнд хялбар таних боломж олгожээ.

Бас харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан мэдрэх тэмдэглэгээ суулгаж өгсөн байна.

10,000-тын дэвсгэрт дээр “Японы капитализмын эцэг” гэгддэг Эийчи Шибүсавагийн (1840-1931) хөргийг залж, ар талд нь Токиогийн төмөр замын өртөөний улаан тоосгон барилгыг дүрсэлжээ.

Шибүсава нь 500 орчим компанийг үүсгэн байгуулахад тусалж байсан хүн юм.

5,000-тын дэвсгэрт дээр амьдралынхаа туршид эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дээшлүүлэхийн төлөө тэмцэж явсан сурган хүмүүжүүлэгч Үмеко Цүдагийн (1864-1929) хөргийг залж, ар талд нь япончуудын эрт дээр үеэс нандигнаж ирсэн цэцгийг дүрсэлсэн байна.

1,000-тын дэвсгэрт дээр татран өвчнийг эмчлэхэд оруулсан хувь нэмрийг нь харгалзан “Японы орчин үеийн анагаах ухааны эцэг” гэгддэг микробиологич Шибасабүро Китасатогийн (1853-1931) хөргийг залжээ. Ар талд нь үкиёо зураач Кацүшика Хокүсайн далайн давлагаа, Фүжи уулыг дүрсэлсэн “Канагавагийн их давлагаа” бүтээлийг байршуулсан байна.

Японы засгийн газар ирэх оны гуравдугаар сарыг дуустал 7.5 сая ширхэг шинэ дэвсгэртийг хэвлэхээр болжээ.

Хуучин дэвсгэртүүд шинэ дэвсгэртүүдтэй зэрэгцэн хэрэглэгдсээр байх гэнэ.

2023 оны сүүлийн байдлаар Японд 18.54 тэрбум ширхэг мөнгөн дэвсгэрт ашиглагдаж байжээ.

Эдгээрийг босоогоор нь залгуулж жагсаавал дэлхий ба сарны хоорондын зайнаас найм дахин урт болохыг Японы төв банк мэдээлсэн байна.

Хэдийгээр бэлэн бус төлбөр тооцооны хэлбэр хөгжиж байгаа ч Японы нийгэм цаасан дэвсгэртээс салах дургүй хэвээр байгаа.

Тус улсын засгийн газар 2023 онд бэлэн бус төлбөр тооцооны нийт гүйлгээнд эзлэх хэмжээг 40 хувьд хүргэх зорилт тавьсан нь биелээгүй байна.

Харьцуулбал Их Британи, АНУ, Канад, Хятад, Сингапур, Өмнөд Солонгос улсуудад 2021 оны байдлаар бэлэн бус гүйлгээний эзлэх хэмжээ 50 хувийг давжээ.

 

Эх сурвалж: Kyodo News

Холбоотой мэдээ