И.Мөнхжаргал: АН-ын гишүүн амиа алдсан асуудалд хариуцлага тооцохгүй бол АН-ын олон мянган дэмжигчид цугларч, хариуцлага нэхнэ

2024-06-17 126 0

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг уржигдар /2024.06.15/ гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл АН-ын дэд дарга И.Мөнхжаргал яг одоо МАН-ын төв байрны урд мэдээлэл хийж, МАН-ын дарга С.Оюун-Эрдэнэд уриалга хүргүүлж байна. Тэрээр “Өвөрхангай аймгийн АН-ыг 8 жил удирдаж, хамтдаа зүтгэж явсан найз минь сонгуулийн өмнө бусдын гарт амиа алдлаа. Бид сонгууль эхлэхээс өмнө МАН-ын удирдлагад шударга сонгууль явуулья гэж хэлсээр байсан. Миний хувьд Чингэлтэй дүүргийн хороодоор явахдаа МАН-ын ухуулагчдын байраар орж энэ талаар уриалсаар байсан.

Гэтэл МАН-ын дарга С.Оюун-Эрдэнэ сурталчилгаагаа хийхдээ “дайн байлдаан болох гэж байгаа юм шиг зүйл ярьж явсан. Тиймээс энэ асуудал дээрээ шат шатандаа хариуцлага тооцохгүй бол Ардчилсан намын мянга мянган гишүүд МАН-ын байрны өмнө цуглаж, хариуцлага нэхэх болно. Мөн МАН-ын дарга С.Оюун-Эрдэнэ тантай авилгалын чинь асуудлаар мэтгэлцэхэд бэлэн  байна.  С.Оюун-Эрдэнэ ээ, улс төрийн өөр үзэл бодолтой байсныхаа төлөө хэн нэгний аминд хүрэхгүй байхыг намынхаа гишүүддээ анхааруул” гэв.

Холбоотой мэдээ