Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнод аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа

2024-06-06 74 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станцын нээлтэд оролцох үеэрээ Дорнод аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч албан хаагчдад хандан үг хэлж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл өгөв.

сонин mn

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн энэ үеэр Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнаж, баяр хүргэлээ.

сонин mn
сонин mn

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

•“Улс болон олон улсад алдартай оюунлаг, авьяаслаг сурагч, төгсөгчдийг бэлтгэн, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсийг манлайлж, боловсролын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэж, онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн амжилтыг нь үнэлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасугай.”

•“Иргэдэд учирч болзошгүй осол, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах болон хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж бүс, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасугай” гэжээ.

Холбоотой мэдээ