“Ногоон бүс” төслийн хүрээнд камержуулалт явагдсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ

2024-05-29 133 0

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан эхний ээлжид Чингэлтэй дүүрэгт амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.

“Ногоон бүс” төсөл гэдэг нь тухайн нутаг дэвсгэрийг бүхэлд нь камержуулаж цагдаагийн байгууллагын хяналтын дэд төвтэй холбох ажил юм.

 

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 572 цэгт 2633 хяналтын камерыг суурилуулж камерын бүрэн хяналттай дүүрэг болсон.

 

“Ногоон бүс” төслийн 2 дугаар шатанд Баянзүрх дүүргийн 7 хорооны  “Баянцээл”, 23, 28 дугаар хорооны Улиастай болон Хужирбулан,  Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны “Партизан”, гудамжийг хэсэгчлэн камержуулсан.

 

Мөн нийслэл хотын 5 дүүргийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороодыг сонгож тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллгаа явуулдаг 761 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран нийт 1714 камерыг нэг сарын хугацаанд байршуулаад байна.

 

Дээрх телекамерууд бүрэн ажиллаж эхэлснээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа болон тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломжтой юм.

Энэхүү төслийн хүрээнд дээрх гурван үе шат ажлууд амжилттай хэрэгжсэнээр гэмт хэргийн гаралт буурсан өндөр үр дүн үзүүлээд байна.

 

ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД КАМЕР ХЭРЭГТЭЙ.

 

Тиймээс цаашид Цагдаагийн байгууллагаас 2024 онд Улаанбаатар хотын бүх хороодыг, 2025 оны 2 дугаар улирал гэхэд аймаг, сумдыг бүрэн камержуулахаар төлөвлөн ажиллаж байна

 

 

 

Холбоотой мэдээ