Өмгөөлөгч Б.Баяраа өөрийн цахим хуудсанд “Хөгжлийн Банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланд тусгагдсанаар Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар хамтдаа хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл аваад, төлж дуусгаагүй байна” гэсэн мэдээлэл гаргасан байна.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-ын Олон нийттэй харилцах албанаас дараах мэдээллийг өглөө.
-УЕПГ Хөгжлийн Банкнаас зээл авсан гэсэн мэдээлэл байна, энэ үнэн үү?
-Хөгжлийн Банкнаас зээл авсан гэдэг нь ташаа мэдээлэл байна. Прокурорын байгууллага Хөгжлийн Банктай гэрээ байгуулж, санхүүгийн зээл авч байсан тохиолдол байхгүй.
Харин АСЕМ-ын үйлчилгээнд ашиглагдаж байсан 43 автобусыг зарим төрийн байгууллагуудад шилжүүлсэн, үүнээс манай байгууллагад нэг автобусны үндсэн төлбөрийг 10 жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр, “Ди Би Эм лизинг” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр 2018 онд шилжүүлсэн.
Одоо прокурорын байгууллага дээрх нэг автобусны төлбөрийг хуваарийн дагуу, хэвийн төлж байгаа.
“Ди Би Эм лизинг” ХХК нь Хөгжлийн Банкны охин компани учраас тус банкны 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дээрх төлбөрийн асуудал тусгагдсан байх. Үүнийг өмгөөлөгч Б.Баяраа сайтар нягталж, тодруулалгүйгээр “Улсын Ерөнхий Прокурорын Газрыг Хөгжлийн Банкнаас зээл авсан” мэтээр буруу ойлгож бичсэн байна.
0 cэтгэгдэлтэй