Монгол-Хятад хоёр улсын явган алхагчдын хамтарсан анхдугаар арга хэмжээ зохион байгуулагджээ

2024-04-17 335 0

Явган алхалт нь олон талын ач холбогдолтой. Тэр дундаа хүмүүсийн нөхөрлөлийн талбар болж, соёл, ёс заншил, уламжлалыг танин мэдэх бодит боломжуудыг бүрдүүлдэг аялал жуулчлалын чухал төрөл юм.

Энэ удаад ӨМӨЗО-ны Явган алхалтын холбоо, ОУ-ын худалдааг дэмжих зөвлөл, ӨМӨЗО-ны Биеийн тамирын хорооны урилгаар Хөх хот дахь Монгол улсын ерөнхий Консулын газрын дэмжлэгтэйгээр 2024 оны 4 дүгээр сарын 16-аас 19-ний өдрүүдэд Монгол улсын явган алхагчид тус улсад зочилж, Хөххотын Шинчен дүүргийн Даланхар уулын явган алхалтын замаар хамтарсан алхалтыг хийж байгаа юм. Тус арга хэмжээ нь түүхэндээ анх удаа Монгол, Хятад улсын алхагчид хамтдаа алхаж, нэгэн шинэ түүхийн хуудсыг нээж байгаагаараа онцлогтой.

|
Тус арга хэмжээг “Нэг бүс, Нэг зам” санаачилгын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн тогтвортой ажиллах, хүмүүнлэг, өв соёл, аялал жуулчлал, байгаль орчин, спортын хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Товчхондоо, энэхүү арга хэмжээ нь ӨМӨЗО, Монгол хоёр орны бүх талын, олон түвшний харилцаа хамтын ажиллагааны гүүр болж, хоёр орны ойлголцол, найрамдалт харилцааг улам нэмэгдүүлж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, илүү үр дүнд хүрэхэд хувь нэмрээ оруулна.

​​​​​​​Монголын явган алхалтын холбооны удирдлагын баг, Дархан-уул, Орхон, Төв, Багахангай дүүргийн явган алхалтын холбооны тэргүүнүүд, Хамтдаа алхацгаая клуб, Хобби клубийн гишүүд, мөн Өвөр Монголын алхагчид нийлсэн 60 гаруй алхагчид нэгдэн алхацгааж байгаа юм. Алхагчид хөтөлбөрийн дагуу эртний домогт Далан хар уулаар алхаж, тус арга хэмжээний ивээн тэтгэгч HongQi автомашины үйлдвэртэй танилцаж, туршилтын жолоодлого хийж, албан ёсны дэлгүүрээр зочлох аж. Мөн Өвөр Монголын Музейд зочлох, цаашдын хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээр хийх зэрэг завгүй өдрүүд үргэлжилнэ. Ууланд авирсанаар хөхрөн униартах тэнгэрийн мандлыг ажиглаж, үзүүр нь үл үзэгдэх сүрлэг уулсыг бишэрч, үзэсгэлэнт байгалийн гоо сайхныг мэдэрч, тунгалаг ус, сүрлэг уулс нь эх дэлхийн үнэлж баршгүй гайхамшгийг тольдох сайхан завшаан тохиож байгаа хэрэг юм.

Холбоотой мэдээ