Б.Жаргалан: Нэг тойрогт дунджаар ₮1 тэрбумын зардал гаргах нь эмэгтэй нэр дэвшигчдэд маш хүнд тусна

2024-03-07 267 0

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийж буй ажлуудынхаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

АЭХ-ноос эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор маргааш буюу гуравдугаар сарын 8-ны 14:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван цуглаан зохион байгуулах аж.

Мөн хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан танилцуулав. 

Тэрбээр “Монголын нийгмийн амьдрал хүнд байгаа. Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, амьжиргааны өртгийн асуудал эмэгтэйчүүдийн хувьд маш хүнд сэдэв болсон.

Ийм үед АЭХ-ноос эмэгтэйчүүдийн долоо хоногийг зохион байгуулж байгаа нь нийгэмд тулгамдсан олон асуудалд эрх баригчдын анхаарлыг татах, олон нийтийн санаа бодлыг нэгтгэх, тэмцлийг өрнүүлэх зорилгыг агуулж байгаа юм.

Тус долоо хоногийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг чухалчилж ярьсан. Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдэлгүй, орлого муу, хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж байна гэсэн асуудлыг хөндсөн.

Хоёрдугаар сарын 29-нд аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг баталсан. Нэр дэвшигч нэг тойрогт дунджаар нэг тэрбум төгрөгөөс дээш зардал гаргахаар байгаа. Энэ нь эмэгтэй нэр дэвшигч нарт маш хүндээр тусна.

Улс төрийн санхүүжилт цэвэр байлгах зорилгоор АЭХ-ноос “улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан”-г байгуулсан. Их бага хэмжээгээр хандив цуглуулж эмэгтэй нэр дэвшигч нараа дэмжих зорилготой” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ