Хөгжлийн банкны хэргээр ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүх хуралдаа ирлээ

2024-03-07 177 0

Хөгжлийн банкны хэргээр ял сонссон Ё.Баатарбилэг тэргүүтэй 36 иргэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тодруулбал, “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээс өнгөрөгч оны зургаадугаар сард эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр ял сонссон тухайн этгээдүүдийн давж заалдах шатны хурал өнөөдөр болж байна.

Гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн дунд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг багтсан бөгөөд түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компанийн захирал Баатарбилэгийн шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны 9 сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул гэм буруутайд тооцсон юм. Улмаар Ё.Баатарбилэгт шүүхээс үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 6 жилийн хорих ял оноосон юм.

Харин тэрбээр өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр ирж оролцож байгаа аж.

Ташрамд дурдахад, шүүхээс гэм буруутайд тооцогдсон этгээдүүд одоогоор тус тусын ялыг эдэлж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа тул цагдан хоригдоогүй. Харин Давж заалдах шатны шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа бүрэн эрхийн асуудал хөндөгдөх юм.

Холбоотой мэдээ