Зудтай байгаа сумын малчдад гадаад, дотоодын байгууллагууд болон иргэдээс ₮3.1 тэрбумын хандив цугларчээ

2024-03-07 190 0

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Төмөр зудтай 50, цагаан зудтай 135 суманд Засгийн газрын нөөцөөс 14,000 тонн өвс тэжээл болон бусад тусламжийг хүргэж байна.

Нийт 116,000 малчин өрхөд малын хоргодол ихтэй, ахуйн асуудал хүндэрсэн, орлого буурсан хүндрэл үүсжээ. Эдгээр өрхөд гурил, будаа зэрэг 1,700 тонн хүнсний тусламжийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар цасанд дарагдсан 97,000 км замыг айл өрх, сум, баг руу гаргалаа. Малын хашаа, гэр нь хунгарт дарагдсан 1,400 өрхийн цасыг төрийн цэргийн байгууллагын алба хаагчид цэвэрлэж, 188 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 116 өрхийг нүүлгэжээ.

Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Завхан, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Баянхонгор зэрэг аймагт 8,865 гаруй тонн малын тэжээлийн буудайг нийлүүлж байна.

Цаашид айл өрхүүдэд малын тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлнэ.

Өвс, тэжээл болон тусламжийн бараа бүтээгдэхүүнийг малчдад хүргэх талаар зөрүүтэй мэдээлэл гарч байна. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг улс төрийн болон хэсэг бүлэг хүний хувийн сонирхлын зуд болгохгүйн тулд өдөр бүр хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа юм. Зарим аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс УОК, Засгийн газар ялгавартай хандаж байна гэж болохгүй. Мал сүргээ өсгөж, хүн ардаа мах, цагаан идээгээр хангаж яваа малчдад хүргэж буй тусламж дэмжлэгийн талаар буруу ойлголт гаргахгүй байх талд онцгой анхаарч ажиллана.

Хууль зөрчсөн, хулгай хийсэн, элдэв нугалаа гаргасан асуудлуудыг орон нутгийн болон улсын хэмжээнд бүх шатанд таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцох хүртэл анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад албан даалгав хүргүүлсэн байгаа.

УОК-ын Шуурхай Штабын зургаан бүлэг явуулын түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Он гарснаас хойш 63,000 иргэнийг эрүүл мэндийн оношилгоонд оруулсан.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг 170 иргэнд эмнэлгийн тусламж, 350 өрхөд зөвлөмж өгчээ.

Нийт 12 суманд туулах чадвар сайтай, стандарт хангасан, эмнэлгийн түргэн тусламжийн 60 автомашиныг ЭМЯ-аар дамжуулан хуваарилж байна” хэмээн мэдээллээ.

“Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумын малчдад хандив тусламж ирсээр байна. Өнөөдрийн байдлаар 44 иргэн, 26 ААН, 61 төрийн байгууллага, 23 ТББ, гадаадын нэг байгууллагаас нийт 3.1 тэрбум төгрөгийн хандив цуглажээ.

Мөн 805 сая төгрөгийн бараа материалын тусламж ирүүлсэн байна. Үүнээс 701 сая төгрөгийн 41,484 ширхэг бараа бүтээгдэхүүнийг эздэд нь хүргээд байгаа. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж, дэмжлэгийн хүрээнд 3.2 сая ам.долларын санхүүжилт босож, айл өрхүүдэд 560,000 төгрөг, өвс тэжээлийн 150,000 төгрөгийг тухайн байгууллагууд өөрсдөө шууд хүргэж байна. Өөрөөр хэлбэл амьдрал нь хүндэрсэн айл өрхүүдийн дансанд мөнгийг бэлнээр өгсөн.

Өнөөдрийн байдлаар олон улсын 20 гаруй байгууллагаас зорилтот бүлгийн 11,134 айл өрхөд дээрх хэмжээний бэлэн мөнгийг өгөх ажлыг зохион байгуулж байна. Тусламж авч байгаа айл өрхүүд мөнгөө дансанд орсон эсэх талаарх бодит мэдээллийг бидэнд өгөхийг уриалж байна.

Ямар замаар, хэн гэдэг иргэнд хандив тусламж хүрснийг шилэн дансанд байршуулж байгаа, мэдээллүүд зөрөхгүй. Тусламжийн бараа замдаа өөр хүнд очих, дутаах асуудал гаргаж болохгүй. Ийм асуудал байвал иргэд УОК-т мэдээлэл ирүүлж болно” хэмээн хэллээ.

Сүүлийн арав хоногийн байдлаар гурван сая гаруй толгой мал зудын улмаас хорогджээ. Сүхбаатар аймагт хамгийн их буюу 942 мянган толгой мал хорогдсон байна. Малын сэг зэмийг устгах ажилд хяналт тавьж байгаа аж. Өвөлжилт хүндэрсэн нийслэлийн хоёр дүүргийн айл өрхөд ч тусламж үзүүлж байгааг хэллээ.

Холбоотой мэдээ