Украины дайнд Оросын талд тулалдахаар хууртагдаж фронтод очсон Энэтхэгийн хэсэг иргэд засгийн газраасаа тусламж гуйсныг тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.
Энэтхэгийн NDTV сувгийн нийтэлсэн дүрс бичлэгт долоон эрэгтэй зэрэгцэж зогсоод дайны галын шугамаас татаж авахыг гуйж байсан юм.
Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд шинэ жил тэмдэглэхээр ОХУ-д очиж, дараа нь хөрш Беларусьт аялахаар болж байжээ.
“Жуулчлалын агент бидэнд Беларусьт аялахыг зөвлөсөн. Гэхдээ ингэхийн тулд виз хэрэгтэйг бид мэдээгүй. Беларусьт очсоны дараа агент биднээс мөнгө аваад зугтаж алга болсон” гэж тэдний нэг 19 настай Харш ярьсан байна.
Тэрбээр цааш нь “Цагдаа нар биднийг баривчлаад Оросын талд хүлээлгэж өгсөн. Тэнд биднээр нэг гэрээнд гарын үсэг зуруулаад одоо Украины эсрэг хүчээр байлдуулах гэж байна” гэж ярьжээ.
Харшийн ээж NDTV сувагт “Оросын цэргүүд түүнийг баривчлаад дайнд явахгүй бол 10 жил шоронд хорихоор сүрдүүлсэн гэж бидэнд хэлсэн. Дараа нь түүнийг хүчээр байлдааны сургуулилалтад хамруулсан байна. Хүүг минь эсэн мэнд буцааж авчрахыг засгийн газраас гуйя” гэж ярьсан юм.
Энэтхэгийн гадаад хэргийн яам 20 орчим иргэн нь Оросын армид хүчээр дайчлагдсан тухай мэдээлэл аваад тэднийг суллахаар ажиллаж буй тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.
Украины дайн эхлээд удаагүй байхад Оросын арми Төв Азийн орнуудын цагаачдыг дайчилж эхэлсэн тухай мэдээлэл бий. Харин сүүлийн үед Энэтхэг, Куба, Балба зэрэг улсын иргэдийг өндөр цалин, иргэний харьяалал олгох нөхцөлөөр татах болсон байна.
Эх сурвалж: AFP
0 cэтгэгдэлтэй