Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулжээ.
Тус хяналтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт болох “35-ын ам”, “Их алт”, “Хэрээн гол” гэх газруудын таван байршилд, 35 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлсэн байна.
Улмаар байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг газар дээр нь хийлгэж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан долоон экскаватор, алт угаах дөрвөн төхөөрөмж, зил 131 автомашин нэгийг тус тус битүүмжлэн, эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон үр дүнтэй ажил болсныг мэдээлэв.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
0 cэтгэгдэлтэй