Ж.Сүхбаатар: Түгжрэл бууруулах бодлогын түрүүч энэ намраас нөлөөгөө үзүүлнэ

2023-08-29 283 0

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хичээл сургууль цуглаж эхлэхтэй зэрэгцээд түгжрэлийн асуудал иргэдийг бухимдуулж эхэллээ. Түгжрэлийн сайд юу хийсэн, хаачсан бэ гээд “гал” нь тань дээр бууж байна л даа?

-Намайг юу хийсэн бэ гэж асууж байх шиг байна. Түгжрэл бууруулах чиглэлээр ажилладаг бүх байгууллагатай нэг бүрчлэн уулзаж уялдаа холбоог хангаж ажиллалаа. Ер нь хамгийн их ажилласан хүн гээд хэлэхэд буруудахгүй байх. Ер нь түгжрэлийг бууруулахад инженерийн арга ухаан, соён гэгээрүүлэх арга, албадлагын гэсэн гурван аргыг олон улсад хэрэглэдэг. Миний тухайд бүх салбарт хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах таван гол бодлогын асуудал дээр төвлөрч байгаагийн нэг нь нийтийн тээврийн салбарт цоо шинэ стандарт тогтоохоор ажиллаж байна. Мастер төлөвлөгөө, автобусны парк шинэчлэл, авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт чөлөөлнө. Ингэхдээ дөрвөн гол өргөн чөлөөнд нэмэгдүүлэх, чиглэлийн ухаалаг зохицуулалт, жолооч нарын хандлага үйлчилгээ гээд энэ салбарыг сууриар нь хөгжүүлэх ажлууд хийгдэж байна.

Парк шинэчлэлийн тухайд БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус үйлчилж эхэлнэ. Есдүгээр сарын 1 гэхэд БНСУ-д үйлдвэрлэж, Вьетнам улсад угсарсан, дэлхийн жишигт нийцсэн шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхэлнэ. Эхний ээлжинд хугацаа нь дууссан 60 автобусыг ашиглалтаас гаргана. Өөрөөр хэлбэл, иргэд машинаасаа татгалзах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал. Энэ хүрээнд олон төрөлт нийтийн тээврийн суурийг тавихаар ажиллаж байна. Нэг төрөл болох BRT болон Дүүжин тээврийн төслүүд гацаанаас гарсан.

Нийслэлийн хэмжээнд 12 тойрог замын төлөвлөлтийг хийж байна. Эдгээр тойрог замыг бий болгосноор түгжрэлийг 11.7 хувиар бууруулах боломжтой. Ингэснээр Улаанбаатар хот авто замын хэвтээ гурав, босоо дөрвөн шугамтай болох юм. Мөн хоорондоо холбогдоогүй гол болон туслах замуудыг холбох холбоос замууд, нүхэн гарцууд хийгдэж байна.

Гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд ашиглалтад орвол төлөвлөж буй нүхэн гарцуудын уулзвар дээрх хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар 20-40 хувиар сайжирна. Гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан. Мөн Зайсангийн гүүр есдүгээр сарын сүүлээр, Туулын гүүр арванхоёрдугаар сард ашиглалтад орж, зорчих хэсэг нээгдэнэ. Энэ зун нийслэлд барьсан замуудын хөрөнгийн эх үүсвэр болох 187 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж шийдвэрлэснээр зам, гүүрийн ажлууд тасралтгүй үргэлжилж байна.

Түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай багц хууль, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулахаар зөрчлийн хуулийн төсөл дээр онцгойлон анхаарч байна.

Явган алхахад, унадаг дугуйгаар явахад таатай хот болгохоор граш, хашаа, хайс буулгаж явган болон дугуйн зам, талбай тохижилт хийгдэж байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлого, зохицуулалтууд холбогдох мэргэжлийн яамд, байгууллагууд дээр хийж байгаа.

-RFID системээр 2.8 сая гаруй тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж, зөрчлийг хянах нь гэж ойлголоо. Торгууль, даатгалаа төлдөггүй, үзлэг, оношилгоонд ордоггүй машинуудтай яаж “тэмцэх” вэ?

-RFID системийн мэдээллээс харвал өнөөдрийн байдлаар 11.000 гаруй зам тээврийн осол гарсан байна. Гэтэл 76 хувь нь торгуулиа төлөөгүй. Улаанбаатар хотод өдөр тутам хөлхөж буй 450.000 гаруй машиныг нэг бүрчлэн хянаж чадахгүй. Ингэж зогсвол түгжрэл нэмэгдэнэ. Ийм боломж ч байхгүй.

Цаашид замын хөдөлгөөнийг гар аргаар удирдахад төвөгтэй байгаа учраас замын хөдөлгөөний удирдлагыг ухаалаг систем рүү шилжүүлэх гэж байгаа алхам. Замын хөдөлгөөний удирдлагын систем (RFID) суурилагдаж дуусаад тээврийн хэрэгслүүдээ цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байна.

Замын хөдөлгөөний танхайрал, сахилга хариуцлага дээшилж, замын хөдөлгөөний удирдлага, зохицуулалт шинэ түвшинд гарна. Сүүлийн шатны ажлыг энэ өвөл хийгээд дуусчихвал тээврийн хэрэгслийн зөрчлийг эрс багасгана. Үүнийг зөв ажиллуулаад явбал зохиомлоор үүсгэдэг түгжрэлийг 20 хувиар шууд бууруулах боломжтой.

-Таны дурдсанчлан салбар бүрт чиглэсэн олон ажил арга хэмжээ явж байна. Гэхдээ яг хэзээнээс түгжрэл буурах вэ, үр нөлөө нь иргэдэд хэрхэн мэдрэгдэх вэ?

-Хот төлөвлөлтийн алдаа завхралыг арилгах, 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусаад урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-той зарим тохируулгуудаа хийж байна. Түгжрэлийн нөлөөллийг бууруулах, дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хамт боловсруулаад үзэл баримтлалаа батлуулах түвшинд явж байна.

Авто замын түгжрэл бууруулах ажлыг мэргэжлийн байгууллага, зөвлөхүүдийн судалгаанд үндэслэж байгаа. Монгол Улсын сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн авто замын түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалтын түрүүч нь энэ намраас тодорхой үр нөлөөгөө үзүүлж эхэлнэ.

Нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирж байгаа. Түгжрэл богино хугацаанд арилахгүй, тодорхой хугацаа, зохицуулалтууд шаардлагатай байна.

-Нийгмийн шүүмжлэлд хамгийн их өртөж байгаа зүйл бол түгжрэлийн төсөв. 420 тэрбум төгрөг хэрхэн зарцуулсныг нийтээрээ сонирхож байна?

-2021 оны арванхоёрдугаар сард нийслэлийн түгжрэлийг бууруулахад 414 тэрбум төгрөг НИТХ-аар батлагдсан.

Энэ мөнгөөр дөрвөн бүлэг, 12 багц, 289 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн. Үүнээс 2022 оны гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөг зарцуулж, үлдэгдэл ажлын санхүүжилт өнөөдрийн байдлаар 76.9 тэрбум байна. Өөрөөр хэлбэл, нийт 345 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн үг.

Задаргааг нь тоймловол, нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум, газар чөлөөлөхөд 72.4 тэрбум төгрөг төсөвлөөд 2022 онд 55 тэрбумыг авсан бол 2023 онд 17 тэрбумыг авсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 345 тэрбум төгрөг зарцуулсан нь төсвийн 20 хувийг эзэлж байна.

13 байршлын томоохон гүүрэн байгууламж, зам барихад 228 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2022 онд 48 тэрбум, энэ онд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. 161 байршилд RFID суурилуулах 442.477 ширхэг цахим гэрчилгээнд нийт мөнгөний зургаан хувийг зарцууллаа.

Түүнчлэн явган хүний зам талбай, унадаг дугуйн зам барих, хайс, гарааш, хашаа, хайс буулгахад төсвийн 10 хувийг хуваарилсан. Энэ мөнгө нийслэлийн төсвийн орлогоос бүрдэж байгаа. Энэ жилээс шинээр мөнгө төсөвт тусгаагүй. Уг мөнгийг зарцуулах эрх Хотын даргад бий.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ