10 хоног тутамд шинэчлэгддэг зудын үнэлгээ болон цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-аас өнөөдөр мэдээллээ.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Хоёрдугаар сарын 29-ний байдлаар зудын шинэчилсэн үнэлгээ гарлаа.
Хоёрдугаар сарын 20-нд гаргасан үнэлгээгээр 13 аймгийн 58 суманд мөсөн зудтай байсан бол 11 аймгийн 50 сум болж, буурсан байна.
17 аймгийн 139 суманд цагаан зудтай байсан бол 29-ний үнэлгээгээр 17 аймгийн 135 суманд болж буурлаа.
Цагаанаар зудархуу нөхцөл байдал 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэгт байсан нь шинэчилсэн үнэлгээгээр 17 аймгийн 66 суманд, нийслэлийн дөрвөн дүүрэг болж, нэмэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт цаг агаар цас багатай, долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларч, нийт нутгаар дулаан байлаа. Говийн бүс нутгаар +2…+7 хэмд хүрсэн.
Гуравдугаар сарын 3, 4-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас ороод өнгөрнө. Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймагт ялимгүй цас орж байна.
Гуравдугаар сарын 8, 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан өдрүүд үргэлжилнэ. Говийн бүс нутгаар +2…+7 хэм болно. Энэ дулаарал нь цасан бүрхүүлийн хэмжээ татагдах нөхцөл байдлыг бий болгоно.
Дөрвөөс дээш хоног 10 хэмээс доош температуртай байвал цасан бүрхүүлийн хэмжээ багасдаг.
Гуравдугаар сарын 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд нутгийн хойд хэсгээр өмнөх өдрүүдээсээ -3..-4 хэмээр хүйтэрнэ.
Гуравдугаар сарын 13-нд хүйтний эрч буцаад суларна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл байдал болохгүй, сайхан 10 хоног байх төлөвтэй” хэмээн танилцууллаа.
0 cэтгэгдэлтэй