Бямба гарагт Виржиниа мужид болсон сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ерөнхийлөгч асан Дональд Трамп одоогийн АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийг андуурч хэлжээ.
Тухайлбал тэр ерөнхийлөгч Жо Байдены нэрийг ерөнхийлөгч асан Барак Обамагийн нэртэй сольсон байна.
Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд гурав дахь удаагаа ийнхүү будилсан тохиолдол болжээ.
Одоо 77 настай Трамп ирэх сонгуульд Ардчилсан Намаас өөртэй нь өрсөлдөх магадлалтай байгаа 81 настай Байдентай адил өндөр насны асуудалтай болсныг энэ явдал харуулж байна.
Тэд хоёул АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн өндөр настай өрсөлдөгчид болоод байгаа.
“Путин Обамаг хүндэлдэггүй болохоороо цөмийн зэвсгийн тухай ярьж байгаа юм. Та нар үүнийг сонссон” гэж Ричмонд хотод болсон арга хэмжээний үеэр Трамп ярьжээ.
Арга хэмжээнд оролцогчид энэ үеэр хэсэг чимээгүй болсныг гэрчүүд мэдээлсэн байна.
Барак Обама долоон жил гаруй хугацааны өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан юм.
Байден, Обама нарын нэрийг хольж сольсноос гадна Трамп өөрийн намын дотоод сунгааны өрсөлдөгч Никки Хэйлийн нэрийг хэлэхдээ Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн нэрийг андууран хэлж байв.
Бүгд Найрамдах намаас ирэх сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй 52 настай Хэйли өөрийгөө Трамп, Байден нараас залуу, эрүүл хүн болохыг түлхүү харуулах сурталчилгааны тактик баримталж байгаа.
Трампын арга хэмжээнээс нэг хоногийн өмнө Жо Байден бас Украиныг Газын зурвастай сольж ярьсан юм.
“Ойрын өдрүүдэд бид Украинд агаараас хүнсний тусламж хүргэж байгаа Йорданы түншүүдтэйгээ нэгдэх болно” гэж Байден хэлжээ.
Тэрбээр Газын зурвасын палестинчуудад нисэх онгоцноос тусламжийн ачаа буулгах ажлыг АНУ-ын зэвсэгт хүчин эхлүүлэх болсныг ярихдаа ингэж будилсан юм.
Цагаан ордон сүүлд Украин биш, Газын зурвасын талаар Байден хэлснийг залруулжээ.
Саяхан Нью-Йорк Таймс сонины Сиена Коллежтой хамтран явуулсан санал асуулгад оролцогчдын 73 хувь нь Байденыг ерөнхийлөгчөөр ажиллахад хэтэрхий өндөр настай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ингэж хариулсан хүмүүсийн 61 хувь нь 2020 оны сонгуулиар Байденд санал өгсөн байжээ. Мөн энэ судалгаанд оролцогчдын 42 хувь нь Байденаас дөрвөн насаар дүү Трампыг ерөнхийлөгчөөр ажиллахад хэтэрхий өндөр настай гэж үзсэн байна.
Гэхдээ сонгогчдын багагүй хэсэг аль аль нэр дэвшигчийн өндөр нас, сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
Хүн өтлөх тусам бие махбодын бүх хэсэг өөрчлөгддөг гэж судлаачид үздэг.
Үүнд тархи ч бас багтана. Наслалт Судлалын Үндэсний Хүрээлэнгийн (NIA) гаргасан мэдээллээр бол өндөр наслахад хүний тархины суралцах, тогтоох үүрэгтэй холбоотой тархины хэсгүүд агшдаг байна.
Гэхдээ шинэ зүйлд суралцах, тухайлбал гадаад хэл сурах зэрэг тархины дасгалыг байнга хийвэл энэ бууралтыг багасгах боломжтой гэж үздэг.
NIA хүрээлэнгийн бас нэг судалгаагаар өндөр настнуудын багахан хэсэг нь өөрөөсөө 20-30 насаар дүү хүмүүстэй ижил ой тогтоолтын чадвартай байжээ.
Эх сурвалж: The Guardian
0 cэтгэгдэлтэй