Ш.Цэвээн: Ингэний хоормогийг халаах тусам чанар нь сайжирдаг

2023-08-22 812 0

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестивальд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас оролцож буй Ш.Цэвээн гуай наадамд ирсэн хүмүүст тэмээний ашиг шимийн тухай танилцуулсан юм.

Монголчуудын таван хошуу малын нэг тэмээ нь нүүдэлчин ард түмэн бидэнд олон төрлийн ашиг тустай амьтан. Ингэний сүүгээр ааруул, хоормог хийнэ. Ингэний сүү нь хаван хөөх, ханиад томуунаас сэргийлдэг ач холбогдолтой. Ингэний хоормогийг халаах тусам чанар нь сайжирдаг. Ингэний сүүгээр элэг цөс угаах, ходоодны шарх, хоол боловсруулах эрхтэнд сайн зэрэг хүний биед ач тус ихтэй. Тэмээний ноосоор айл өрх 10 гаруй төрлийн бүтээл урлах боломжтойгоос гадна түүхий эд нь маш олон төрлөөр малчдын амьдралд хэрэглэгддэг юм. Хатуу эр ноосоор нь дээс томж, гоёмсог ширдэг ширдэг. Зөөлөн торгомсог эм ноосоор нь бээлий, цамц, оймс зэргийг хийдэг. Утас ээрэхэд эхлээд ноосоо сайхан цэвэрлэж байгаад сэмэлдэг. Ээрсэн утсаараа гэрийн бүч, ботго торомны ногт, чагт гээд ноосоор хийж болох бүхий л зүйлийг урлаж болно. Ш.Цэвээн гуай утас ээрч, ингэ хөөслөх, идээ сүүгээр нь юу хийж болох зэргийг хүмүүст харуулах, таниулах зорилготойгоор энэхүү наадамд оролцож байгаа аж. Тэрбээр хэлэхдээ залуу гэр бүлүүд үр хүүхдүүддээ сонирхуулж зааж сургаж байгааг харахад сайхан байна. Монгол ахуйгаа дэлхийн бусад улс орны хүмүүст таниулахаас гадна залуус хүүхэд багачуудад ахуй соёлыг нь харуулсан өргөн дэлгэр наадам болж байгаад талархаж байна хэмээв.

Холбоотой мэдээ