Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Гуамд 11 онооны зөрүүтэй хожигдлоо

2024-02-26 181 0

Монголын эрэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо өнөөдөр хийлээ.

Манай улсын шигшээ баг Япон, БНХАУ, Гуамтай С хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээгийн эсрэг хийж 80:49 онооны харьцаатай хожигдсон.

Эрэгтэй шигшээ баг “UG arena”-д Гуамын эсрэг тоглож 63:74 онооны харьцаатайгаар хожигдлоо.

Тоглолтын эхний хагасыг Гуам тэргүүлж, 32:39 онооны харьцаатайгаар өндөрлүүлсэн. Тус үеийг манай улсын тамирчин Д.Дэлгэрням есөн оноотойгоор дуусгасан юм.

Хоёрдугаар хагасын эхний үеийн төгсөлд багийн ахлагч Б.Билгүүн алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр онооны харьцааг 10 болгож ойртуулсан.

Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед манай тамирчид нийт 15 оноо авсан боловч ялагдал хүлээлээ. Түүнчлэн багаараа 39 хувьтай довтолж, 83 хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэв.

Мөн шигшээгийн ахлагч Б.Билгүүн 13 оноо, нэг хаалт, дөрвөн бөмбөг таслалт, таван удаа самбараас бөмбөг авснаар багаа тэргүүлсэн байна.

Ингэснээр эрэгтэй шигшээ баг хэсэгтээ хоёр ялагдал хүлээж дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ. Дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 21-нд Японы шигшээ багийн эсрэг хийнэ. Тус хэсгийг одоогоор Японы шигшээ баг хоёр хожилтойгоор тэргүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ