Улсын Онцгой Комисс (УОК)-ын дарга Шадар сайд С.Амарсайхан хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас эхэлж Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Мөн 192 суманд нөхцөл байдал хүнд, 90 суманд цагаан зуд, 23 суманд төмөр буюу шилэн зудын байдалтай байгаа юм.
Засгийн газрын зүгээс дараах гурван үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Улсын нөөцөөс 6,000 тонн тэжээл гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймгийн малчдад хүргэх,
- Орон нутгийн нөөцөөс 20,000 тонн өвс тэжээл нийлүүлэх, 10,000 тонн тэжээлийн улаан буудайг аймгуудад хүргэж эхэлсэн,
- Өвс тэжээл, бараа материалыг малчдад хүргэх зэрэг юм.
Өнөөдрийн байдлаар 54,000 км зам харгуйг аймаг, орон нутагт гаргасан. Хилийн цэрэг, зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын 1,800 гаруй алба хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа” гэв.
Үргэлжлүүлэн малчдын зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Шадар сайд С.Амарсайхан: Малчид зээл тусламжтай холбоотой асуудлаар хүсэлт тавьж байгаа. Улсын хэмжээнд 190 мянган малчнаас 141 мянга нь Хаан болон Төрийн банкнаас 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байна. Зээлийн дундаж хүү нь 21 хувь.
Малчид зээл аваад түлээ түлш, өвс тэжээл, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулдаг. Тиймээс зээлийн төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлтийг уулзсан малчин бүр тавьж байна.
Би Монголбанк, Хаан болон Төрийн банкны удирдлагуудтай уулзаж зээлийн эргэн төлөлтийг эхний хугацаанд зургаадугаар сарын 1-н хүртэл хойшлуулах арга хэмжээг авахаар ойлголцсон.
Малчид зээлээ хойшлуулах тохиолдолд тухайн орон нутгийнхаа банкны салбарт хандах юм. Одоогоор нийт зээлийн 52 хувь буюу 685 тэрбум төгрөгийг Төрийн банк олгосон. Харин 580 гаруй тэрбум төгрөгийг Хаан банкнаас авчээ.
Засгийн газраас цаашдаа анхаарч тодорхой үе шаттай арга хэмжээг авах талаар банк санхүү, холбогдох байгууллагатай санал солилцоно.
0 cэтгэгдэлтэй