Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн явдал өнөөдөр өглөө боллоо.
Уг шон ямар учраас унасан талаар Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилсан Сэргийлэх Хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулахад “Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талын өндрийн хязгаарын шонг машинаар мөргөсөн байна гэсэн дуудлага өнгөрснө шөнө буюу хоёрдугаар сарын 22-ны 03:47 цагт ирсэн.
Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд боодлын өвс ачиж явсан Норд Бенз загварын тээврийн хэрэгслээр тухайн өндрийн хязгаарын шонг мөргөсөн байна. Тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан гэдэг мэдээлэл алга.
Одоогийн байдлаар унасан шонг замаас гаргаж, зорчих хэсгийг чөлөөлсөн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Яармагийн гүүрийг мөргөхөөс хамгаалсан уг шонг АЗЗА, Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газар яаралтай босгох арга хэмжээг авах байх.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдсэн зам тээврийн осол учир хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
Иргэд өндрийн хязгаарыг гал хамгаалагч гэж ойлгох хэрэгтэй. Учир нь авто замын өндрийн хязгаар нь өөрөөсөө үнэтэй барилга байгууламж, гүүрэн болон нүхэн гарцыг хамгаалах зориулалтаар хийгддэг.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй дээд өндөр 4 метрээс ихгүй байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу тээврийн хэрэгслийн ачааны өндөр 4 метр, өргөн хоёр метр, урт 20 метрээс ихгүй байх ёстой.
Жолооч нарт хандаж хэлэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс өндөр, өргөн, урттай ачаа тээвэрлэх тохиолдолд ТЦА-наас зөвшөөрөл авч, таних тэмдэг тавьж, заасан маршрутаар явах хэрэгтэй.
Хэрэв хүнд болон овор ихтэй ачааны аюулгүй байдлыг хангаж, хамгаалж, хүргэж өгдөг тусгай байгууллагатай гэрээ хийсэн бол ТЦА-нд гэрээгээ үзүүлж, зөвшөөрөл авна” хэмээн тайлбарлалаа.
0 cэтгэгдэлтэй