Навальныйн ээж Путинээс хүүгийнхээ шарилыг нэхэв

2024-02-21 137 0

Шоронд нас барсан Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн ээж өчигдөр ерөнхийлөгч Путинээс хүүгийнхээ шарилыг нэхсэн байна.

Баасан гарагт улстөрчийг нас барсан тухай Умард Туйлын шоронгийн захиргаа зарласны дараа түүний ээж Людмила Навальная шарилыг нь авч, оршуулахаар хөөцөлдөж эхэлсэн юм.

“Тав дахь өдрөө би хүүгийнхээ шарилыг харж чадсангүй. Тэд надад өгөхгүй байна. Тэр ч байтугай хаана байгааг нь хэлэхгүй байна” гэж тэр Навальныйн хоригдож байсан шоронгийн гадна хийсэн дүрс бичлэгтээ ярьжээ.

Людмила Навальная цааш нь “Би тантай холбоо барихыг хичээж байна, Владимир Путин. Энэ асуудал зөвхөн танаас хамаарна. Хүүгээ харахыг зөвшөөрөөч. Би Алексейн шарилыг нэн даруй авч, хүний ёсоор оршуулмаар байна” гэж мэдэгдсэн байна.

Оросын эрх баригчид улстөрчийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд хоёр долоо хоног хүлээх шаардлагатайг хамтран зүтгэгчдэд нь мэдэгджээ.

Тэд эрх баригчдыг нотлох баримтыг нууцлах зорилгоор ингэж удааж байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

Даваа гарагт улстөрч агсны гэргий Юлия Навальная нөхрийг нь Путин алсан, шарилыг өгөхгүй байгаа нь уг аллагын нотлох баримтыг устгах зорилготой гэж мэдэгдсэн юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг эрс няцааж, Юлиягийн мэдэгдлийг “Оросын төрийн тэргүүнийг ямар ч үндэслэлгүй буруутгасан увайгүй үйлдэл” гэж мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сар хүрэхгүй хугацааны өмнө Навальный учир битүүлэг шалтгаанаар нас барсан нь анхаарал татаж байгаа.

47 настай Навальный 2021 оны нэгдүгээр сараас хойш шоронд хоригдож байсан юм. Тэрбээр өмнө нь Оросын нэг хотод ажиллаж байхдаа химийн бодист гүн хордож, Германд удаан эмчлүүлсний дараа хөл дээрээ зогсож байв.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел улстөрчийн үхлийн шалтгааныг тогтоох олон улсын мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан юм. Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков үүнийг хүлээж авах боломжгүйг хариу мэдэгдсэн.

Навальныйг нас барсны дараа хоёр өдрийн дотор түүний дурсгалыг хүндэтгэсэн 400 гаруй хүнийг Оросын эрх баригчид баривчилсан тухай OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлсэн юм.

Песков үүнийг “хуулийн дагуу авсан арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Навальныйн шарилыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг Оросын засгийн газарт уриалсан өргөх бичигт 60,000 гаруй хүн гарын үсгээ зурсан тухай OVD-Info мэдээлсэн байна.

Даваа гарагт нийтэлсэн видео мэдэгдэлдээ Юлия Навальная нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

“Алексейг алснаар Путин миний биеийн хагасыг, зүрх сэтгэлийн минь талыг аллаа. Гэхдээ надад нөгөө тал нь байгаа бөгөөд энэ нь надад бууж өгөх эрх байхгүйг харуулж байна. Би Алексей Навальныйн үйл хэргийг үргэлжлүүлэх болно” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ