Карибын тэнгисийн Хайти арал улсын ерөнхийлөгч Жовенел Мойз 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр өргөөнд нь нэвтэрсэн зэвсэгт этгээдүүдийн гарт алагдсан юм.
Тэгвэл энэ хэргийг хариуцаж буй шүүгчийн яллах дүгнэлтийг AyiboPost онлайн сонин олж авснаа өчигдөр нийтэлжээ.
Шүүгч Валтер Вессер Волтерын бичиг баримт гэгдэж буй 122 хуудас дүгнэлтэд дээрх аллагатай холбоотой 50 хүнийг жагсаасан байна.
Сонирхолтой нь ерөнхийлөгчийн аллагыг түүний бэлэвсэн гэргий Мартин Мойз, ерөнхий сайд асан Клод Жозеф нарын хуйвалдаан байсан гэж дүгнэжээ. Тэргүүн хатагтай нөхрийнхөө оронд ерөнхийлөгч болохын тулд аллагыг захиалсан гэж үзсэн байна.
Шүүгч нэр дурдсан хүмүүсийг баривчилж, яллах шийдвэр гаргасныг нийтлэгдсэн бичиг баримт харуулжээ.
Ерөнхийлөгч алагдахаасаа хэдхэн өдрийн өмнө Клод Жозефийн оронд одоогийн ерөнхий сайд Ариэл Анрийг томилж байсан юм.
Шүүгч хараат бус ажиллаж, хууль тогтоомжийн дагуу хэнээс ч хамааралгүй шийдвэрээ гаргах ёстой гэсэн мэдэгдлийг ерөнхий сайд Ариэл Анри өчигдөр гаргажээ.
Харин ерөнхий сайд асан Клод Жозеф одоогийн ерөнхий сайд Хайтийн шүүх засаглалыг өрсөлдөгчдөө дарах зэвсэг болгон ашиглаж байгааг шүүмжилсэн ярилцлага хэвлэлд өгсөн байна.
Тэргүүн хатагтай асан Мартин Мойз мөн шүүгчийн улс төржсөн шийдвэрийг шүүмжилсэн мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлжээ.
Ерөнхийлөгчийн аллагын дараа Хайтид улс төрийн тогтворгүй байдал үүсэж, нийгмийн дэг журам алдагдаж, нийслэл Порт-O-Прэнс хотын ихэнх хэсгийг орон нутгийн дээрэмчид хяналтдаа аваад байгаа.
Хайтийн эрх баригчид дэг журам тогтоох чадваргүй болсноо хүлээж, гадаадын улсуудаас зэвсэгт хүчний тусламж хүссэн юм.
Хүсэлтийн дагуу Кени улсын тусгай хүчний тэргүүлсэн НҮБ-ын олон улсын хууль сахиулагчид удахгүй Хайтид очихоор бэлдэж байгаа.
Хайтийн ерөнхийлөгчийн аллагатай холбоотой бас нэг шүүх хурал одоо АНУ-ын Майами хотод үргэлжилж байгаа юм. Энэ хурлаар шүүгдэж буй 11 хүний зургаа нь ерөнхийлөгчийг хулгайлахаар Колумбын хөлсний цэргүүдийг Хайтид илгээсэн боловч эцсийн мөчид төлөвлөгөө өөрчлөгдөж, амийг нь хөнөөсөн болохыг хүлээгээд байна. Тэд бас Хайти гаралтай Америк пастор Кристиан Эммануэл Саноныг ерөнхийлөгч болгох төлөвлөгөөтэй байснаа хүлээжээ.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй