Жо Байдены элэнц өвөөг Абраам Линкольн өршөөж байсан баримтыг түүхчид архиваас олжээ

2024-02-20 172 0

Америкийн иргэний дайны үеэр ерөнхийлөгч Жо Байдены элэнц өвөө хүний амь хөнөөхийг завдсан хэргээр шийтгүүлж, тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Абраам Линкольн түүнийг өршөөж байсан тухай баримтыг түүхчид илрүүлжээ.

Өчигдөр буюу Даваа гараг нь АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийг тэмдэглэх бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан дээрх баримтыг нийтэд дэлгэсэн байна.

Вашингтон хоёрдугаар сарын 22-нд төрсөн бол “Ерөнхийлөгчийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь Даваа гарагт тэмдэглэдэг.

Жо Байдены эцгийн талын элэнц өвөг Мосес Робинетт иргэний дайны үеэр Холбооны армид хамт алба хааж байсан Жон Александертай маргалдсаны улмаас хутгалан шархдуулж байжээ.

Робинетт өөрийгөө хамгаалсан гэж шүүхэд мэдүүлсэн ч баталж чадаагүй тул хоёр жил хүнд хөдөлмөр албадан эрхлэх ял сонссон байна.

Армийн гурван офицер уг шийтгэлийг хэтэрхий хатуудсан гэж үзээд ерөнхийлөгч Линкольнд давж заалдаж байжээ. Ингээд Линкольн 1864 оны есдүгээр сарын 1-ний өдөр Робинеттийг өршөөх зарлиг гаргасан юм байна. Зарлиг гаргаснаасаа хойш долоон сарын дараа Линкольн алагдсан юм.

Энэ түүхтэй холбоотой баримтыг түүхч Дэвид Герлман АНУ-ын үндэсний архиваас олсноо өчигдөр “Вашингтон Пост” сонинд нийтлүүлжээ.

АНУ-ын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн хоёрдугаар заалтад ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх эрх мэдлийг бататгасан байдаг.

Уг заалт нь АНУ-ыг Их Британийн колони байх үед хэрэгжиж байсан хааны өршөөлийн эрх мэдлээс угшилтай гэдэг.

Одоо АНУ-ын ерөнхийлөгч нар ихэнхдээ өөрийн бүрэн эрхийн хугацааны төгсгөлд энэхүү эрх мэдлээ хэрэгжүүлдэг байна.

Сүүлийн үеийн ерөнхийлөгч нараас Жорж Уоррен Буш 200 удаа, Барак Обама 1,927 удаа, Дональд Трамп 237 удаа тус тус өршөөл үзүүлж байжээ.

Одоогийн ерөнхийлөгч Жо Байден 14 өршөөл үзүүлээд байгаагаас гадна марихуана биедээ хадгалсан жижиг гэмт хэрэгтэй олон мянган хүнийг цагаатгасан юм.

Робинеттийг өршөөсөн ерөнхийлөгч Абраам Линкольн нийт 343 удаа өршөөл үзүүлж байжээ.

Жо Байдены элэнц өвөө шоронгоос суллагдсаныхаа дараа Мэрилэнд дэх гэртээ харьж, гэр бүлийнхээ фермийн аж ахуйг үргэлжлүүлэн ажиллуулсан байна.

1903 онд нас барахад нь гаргасан эмгэнэлийн бичигт Робинеттийг “боловсролтой, эрхэмсэн нэгэн” байсан гэж магтсан байдаг.

Харин дайны үед үйлдсэн гэмт хэрэг, ерөнхийлөгчийн өршөөлийн талаар дурдаагүй байна.

Робинеттийг нас барснаас хойш 12 жилийн дараа түүний ач хүү буюу одоогийн ерөнхийлөгч Жо Байдены эцэг мэндэлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ