ХААИС-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2024-02-20 176 0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 12-18-нд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Мөн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургааг шүүхэд, зургааг хаах, хоёрыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын удирдах албан тушаалтан “П”, албан тушаалтан “Э” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б”, “З”, “М” нар хахууль авсан гэх;
  • Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Х” нь Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан гэх.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн шинжтэй нэг гомдол, хоёр объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан аж.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

Холбоотой мэдээ