Дональд Трамп өөрийн брэндийн шинэ пүүзийг танилцууллаа

2024-02-19 85 0

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт Филадельфи хотод сонгуулийн кампанит ажлаар зочлохдоо өөрийн брэндийн шинэ пүүзийг танилцуулжээ.

Алтлаг өнгөтэй, ар талдаа АНУ-ын далбаатай, урд талдаа “T” үсэгтэй энэ бүтээгдэхүүний үнэ $399 юм байна.

“Энэ бол миний сүүлийн 12-13 жил ярьсан зүйл. Маш их амжилт авчирна гэж би бодож байна” гэж Трамп энэ үеэр ярьжээ.

“The Never Surrender High-Tops” нэртэй энэ пүүз бусад Трамп брэндийн бүтээгдэхүүнүүдийн хамт gettrumpsneakers.com вэб сайтаар зарагдах юм байна.

зураг

Пүүзний нээлт болохоос нэг өдрийн өмнө Нью-Йорк хотын шүүх зээлдүүлэгчдийг хууран мэхлэхийн тулд өөрийн хөрөнгийн хэмжээг хэтрүүлэн үнэлсэн хэрэгт Трампыг буруутгаж, $354.9 саяын торгууль оноосон юм.

Үүнээс өмнө Трамп бас өөрийг нь хүчингийн хэрэгт буруутгасан зохиолч эмэгтэй Жин Кэрролын нэр төрийг сэвтээсэн хэргээр $83.3 саяын торгууль төлөх шүүхийн шийдвэр сонсоод байгаа.

Трампын нийт торгуулийн хэмжээ хүүтэйгээ нийлээд $500 саяыг давах төлөвтэй байна.

Пүүзний бизнес нь торгуулиа төлөхөд нэмэр болох эсэх эргэлзээтэй юм.

Трамп АНУ-ын ерөнхийлөгч болохоосоо өмнө янз бүрийн бизнесийн салбарт аз сорихдоо өөрийн брэндийн үхрийн стэйк, архи зэрэг бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, өөрийн нэрэмжит их сургууль хүртэл байгуулж байсан түүхтэй.

Эх сурвалж: Aljazeera

Холбоотой мэдээ