Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна.
Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна.
Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж, өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Тэгвэл хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөлжээ.
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж буй. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байгааг Монгол Улсын Засгийн Газраас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газар
Тодруулбал “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК -д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будаа, улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг тараах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт хийж буй аж.
ХХААХҮЯ отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм. Мөн малчдын хотноос амьд хонь худалдан авах ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан авч экспортолж байна. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжлэх юм.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч булангийн орнууд руу гаргасан гэдгийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй