Фён салхины нөлөөгөөр зарим нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна гэдгийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас сэрэмжлүүлж байв.
Тэгвэл өчигдрийн байдлаар Баянхонгор, Ховд аймгийн нутгаар цасан шуурга шуурч байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. Иймд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал “Энэхүү нөхцөл байдлын нөлөөгөөр төөрч, осгосон дуудлага мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй. Өчигдрийн хоногийн мэдээнээс харахад баруун аймгуудад ослын мэдээлэл байхгүй.
Гэхдээ Ховд аймгийн нутгаар салхины хурд нэмэгдэж, цасан шуургатай байна.
Одоогоор Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Үүнээс өөр цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн дуудлага ирээгүй” гэдгийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хэллээ.
“Баян-Өлгий аймагт цасан нурангид өртсөн малчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна”
Цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сумын нутаг Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар хоёр малчин малаа хариулж яваад уулын цасан нурангид өртөж, цасанд дарагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 12-ны 19:50 цагт хүлээн авсан.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан ар гэрийнхэн очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээлж байна.
Сэрэмжлүүлэг:
- Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх
- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах
- Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх
- Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг тус тус сэрэмжлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй