ОХУ-ын гадаад хэргийн яам Лхагва гарагт Москвад суугаа Узбекистан улсын элчин сайд Ботиржон Асадовыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлжээ.
Уг эсэргүүцэл нь Ташкентын Сэтгүүлзүйн Их сургуулийн ректор Шерзод Кудратхожаевын ярьсан зүйлтэй холбоотой юм байна.
Тэрбээр саяхан хэвлэлд ярихдаа эх хэлээ мэддэггүй, орос хэлээр ярьдаг узбек хүмүүсийг “булаан эзлэгчид, тэнэгүүд” гэж нэрлэж байжээ.
Узбекистанд орос хэл албан ёсны статусгүй ч иргэдийн харилцаанд өргөн ашиглагддаг юм. ОХУ-ын гадаад хэргийн яам Кудратходжаевын ярьсан зүйлийг “доромжилсон агуулгатай, хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.
ОХУ-ын засгийн газрын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан агентлаг Россотрудничество бас Кудратхожаевын харьяалагддаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа зогсоож байгааг мэдэгдсэн байна.
Тухайлбал Узбекистаны Үндэсний Хэвлэл Мэдээллийн Холбоо, Узбекистаны Боловсролын Яамны сургуулийн өмнөх боловсролын олон нийтийн зөвлөлтэй харилцах харилцаагаа түр хугацаанд зогсоож байгааг Россотрудничество агентлагийн тэргүүн Евгений Примаков мэдэгджээ.
“Ноён Кудратхожаевыг уучлал гуйх хүртэл түүнтэй болон түүний удирддаг байгууллагуудтай шууд харилцахгүй” гэж Примаков сошиал хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр мөн оросын эсрэг үзэлтэй ректорын байр суурийг Узбекистаны олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлжээ.
“Орос улсад боловсрол эзэмших хүсэлтэй олон зуун мянган залуус, хоёр орны өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлт, аялал жуулчлал, найрамдлын үнэт зүйлс, харилцан туслалцаа, аугаа эх орны дайны түүхэн дурсамж биднийг нэгтгэдэг гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ бүхэн Кудратхожаевыг байдаг л нэг урвагч, эцэг эх нь муу хүмүүжүүлсэн этгээд болохыг батлан харуулж байна. Ноён Кудратхожаев өөрөө төдийгүй хамаатан садан нь Орост суралцах, хамтарч бизнес эрхлэх боломжгүй болж, тэр ч байтугай дургүй улсдаа зорчих боломжгүй болоход гомдохгүй байх гэж найдаж байна” гэж Примаков анхааруулсан байна.
Эх сурвалж: ТАСС
0 cэтгэгдэлтэй