Хувийн өмчийн анхны судалгааны станц саран дээр буухаар дэлхийгээс хөөрлөө

2024-02-16 152 0

Өчигдөр буюу Пүрэв гарагт анх удаагаа хувийн өмчийн судалгааны станц дэлхийн дагуул саран дээр буухаар АНУ-ын Флорида мужийн Канавералын хошуунаас хөөрчээ.

Хэрвээ Odysseus станцын аялал амжилттай болбол Intuitive Machines компанийн нэр түүхэнд бичигдэх юм.

Өнөөдрийг хүртэл саран дээр буусан бүх станц аль нэг улсын төрийн өмч байсан.

Odysseus станц сүүлийн үед хамгийн их анхаарал татах болсон сарны өмнөд туйлд буух юм.

Сарны энэ хэсгийн хөрсөн дор ус хадгалагдаж байгаа гэж судлаачид үздэг. АНУ-ын сансар судлалын төв байгууллага NASA хувийн хэвшлийн төслийг хоёр дахь удаагаа санхүүжүүлсэн нь энэ юм.

Odysseus станцыг өчигдөр SpaceX компанийн Falcon 9 пуужинд тээвэрлэн хөөргөжээ. Станцыг хөөргөх гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болсон байна.

Өмнө нь нэгдүгээр сард цаг агаарын нөхцөл байдлын улмаас, дараа нь энэ долоо хоногийн Лхагва гарагт техникийн асуудлын улмаас цуцлагдаж байв.

NASA уг төслийг санхүүжүүлэх зорилгоор Intuitive Machines компанид $118 саяыг төлсөн байна. Үүнийхээ хариуд Odysseus станцад өөрийн шинжлэх ухааны туршилт, судалгааны олон төрлийн багажийг суурилуулжээ.

Тухайлбал нэг багаж нь станц газардах үед сарны хөрсөнд ямар нөлөө үзүүлж, хэр хэмжээний тоос босгохыг судлах зориулалттай.

Өөр нэг багаж нь дэлхийгээс илгээсэн лазерын гэрлийг буцааж ойлгох юм.

Intuitive Machines компани өмнө нь NASA-гийн Ангараг гарагт илгээсэн бяцхан нисдэг тэргийг зохион бүтээж байжээ.

Odysseus станц нь зургаан хөлтэй, зургаан талтай цилиндр хэлбэртэй юм байна. Овор хэмжээ нь Британийн алдарт утасны улаан бүхээгтэй ойролцоо болохыг Intuitive Machines мэдээлжээ.

Станцын саран дээр буух аялал ойролцоогоор нэг долоо хоног үргэлжилнэ. Буух газар нь сарны өмнөд туйлын цэгээс 300 км зайд байх гэнэ.

Intuitive Machines компани ирэх сард сарны хөрсийг өрөмдөж, ус хайх зориулалттай бас нэг станцыг хөөргөх юм.

Өмнө нь хувийн хоёр компани сар руу станцаа илгээж байсан ч бүгд бүтэлгүйтсэн байна. Тэдгээр нь Израилийн SpaceIL, Японы Hakuto-R байжээ.

 

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ