Америк хөлбөмбөгийн дээд лиг NFL-ийн аварга болсон “Канзас Сити Чифс” багийн баярын парадын үеэр гал нээж багадаа 21 хүн шархадсан байна. Одоогоор нэг хүн нас барж гурван иргэний бие хүнд байгааг Канзас хотын цагдаагийн газраас мэдээллээ.
Энэ хэрэгт албаныхан гурван хүнийг сэжиглэж байгааг зарласан. Нэг сэжигтнийг нь иргэний хувийн дүрс бичлэгийн тусламжтайгаар баривчилсан гэдгийг тус хотын цагдаагийн дарга Стаси Гравес сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ярьжээ.
Орон нутгийн дөрвөн эмнэлэгт халдлагын үеэр хохирсон гэх 29 хүн байгааг CNN тодруулжээ. Тэдгээрийн 19 нь бууны суманд өртөж хохирсон иргэд бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байгааг эмнэлгийн зүгээс баталсан юм.
Супер боулд сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн “Канзас Сити Чифс” багийн баярын парадыг Канзас хотын нэг сая хүн тэмдэглэхээр төв талбайдаа цугларчээ. Энэ үеэр Канзас хотын төвөөр явдаг метроны шугам дагуу байрласан улсын сургуулийг амрааж иргэдэд баяраа тэмдэглэх боломж олгосон юм.
Халдлагын үеэр “Канзас Сити Чифс” багийн тоглогч, дасгалжуулагч, арын албаныхан өртөөгүйг хотын захирагч Куинтон Лукас хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
“Чифс”-ийн Патрик Махомес, Травис Келси нар нэг автобусанд байрлаж байсан бол олны анхаарлыг татаж буй Т.Келсигийн найз бүсгүй поп од Тэйлор Свифт баярын жагсаалд оролцоогүй аж. Т.Свифт энэ долоо хоногийн сүүлээр Австралид аялан тоглолттой тул найз залуугийнхаа баярыг хуваалцаж чадаагүй юм.
2013 онд Миссури мужид олныг хамарсан халдлага гарснаас хойш болсон олныг хамарсан халдлагын улмаас 582 хүн бэртэж 156 иргэн нас барсан харамсалтай баримт бий. Сүүлийн таван жилийн хугацаанд зөвхөн Канзас Сити хотын ойролцоо гарч буй 25 дахь олныг хамарсан халдлага болж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд орон нутгийн нэгэн худалдааны төвд халдлага гарч зургаан хүн бэртсэн. Одоогоор гэмт этгээдийг олоогүй байна.
2020 оны нэгдүгээр сард тус хотын нэгэн шөнийн клубт халдлага гарсны улмаас нэг хүн нас барж 15 хүн бэртсэн билээ.
Эх сурвалж: CNN
0 cэтгэгдэлтэй